Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтийг дэмжив

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2019.12.17-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зээлийн хэлэлцээрүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 


БАЙНГЫН ХОРООНЫ ДЭМЖСЭН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮД
 

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын 57.985.000 еврогийн зээлээр онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм. Зээлийн хугацаа 30 жил, зээлийн хүү жилийн 0.08 хувь бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө.  
     
  • Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл. Унгар Улсын Засгийн газрын зээлийн хугацаа 17.5 жил, зээл хүүгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөнө.
     
  • Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ. Энэ хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр байгуулсан юм. 
     
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү зээлийн хүү тэг хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө.
     
  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна" гэсэн зорилт дэвшүүлсэн. УИХ-аас 2017 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.236 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны аравдугаар сарын 9-ний өдөр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.73.192) 2019 оны 12 сарын 17

Манай улсад ямар ч менге байгаад сэтгэлгуй хумуусээс болж дэмий урэгдэж байна Чингэс зочид буудлын урд явган хуний зам тавьж байгаа хумуусийн тавьсан зам нь маргааш нь л тараад алга болж байна уунд хяналт тавьдаг газар Байна уу

0  |  0
Top