Дэлхийн тэрбумтнууд 2019 онд хэдийг олж, хэдийг алдав

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

АНУ-ын “Forbes” сэтгүүл сүүлийн 12 сарын дотор дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдээс ч илүү орлого олсон тэрбумтнуудыг нэрлэжээ.

Сэтгүүлийн баг дэлхий дээрх нэг тэрбум ам.доллароос багагүй хэмжээний хөрөнгөтэй, хувьцаа нь чөлөөт эргэлтэд байдаг компаниудад хөрөнгө оруулсан 2200 хүний мэдээллийг харьцуулан судалсан байна.

Сүүлийн 12 сар нийт 112 тэрбум ам.долларын орлого олсон таван тэрбумтны хувьд хамгийн их ашигтай жил байв. Эдгээр нь Францын “Louis Vuitton Moet Hennessy” компанийн ерөнхий захирал Бернар Арно, “Facebook” корпорацын тэргүүн  Марк Закерберг, Испанийн “Zara” худалдааны сүлжээ дэлгүүрийн эзэн Амансио Ортега, “Microsoft” компанийн захирал асан Стив Балмер болон Энэтхэгийн “Reliance Industries” холдингийн эзэн Мукеш Амбани. Энэ хугацаанд Арно 40 тэрбум ам.доллар олж, хөрөнгийн нийт хэмжээ нь 107.7 тэрбум болж өсжээ. Закербергийн активын хэмжээ 22.1 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 72 тэрбум ам.доллар болсон бол Ортегагийн хөрөнгө 17.3 тэрбум ам.доллароор өсөж, 74.9 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Балмер хөрөнгөө 16.3 тэрбум ам.доллароор зузаалж, 56.3 тэрбумд хүргэсэн бол Амбанийн хөрөнгө 16.1 тэрбум ам.доллароор арвижин 61.4 тэрбум ам.доллар болсон байна.

“Forbes” сэтгүүл мөн сүүлийн 12 сард хөрөнгө нь ихээхэн нимгэрсэн тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын нэгт хамгийн их алдагдал буюу 14.1 тэрбум ам.доллароор хэтэвчээ нимгэлсэн Энэтхэгийн бизнесмен Азим Премжи бичигджээ. Тэрбээр энэ мөнгөний тал хувийг буяны үйлсэд зориулсан байна. Түүний нийт хөрөнгө 7.2 тэрбум ам.доллар болж буурчээ. Хоёрт “Amazon” компанийн Жефф Безос оров. Тэрбээр салсан эхнэртэйгээ хөрөнгө хуваах явцад 13.1 тэрбум ам.доллар “алдаж”, хөрөнгийн хэмжээ нь 109.7 тэрбум ам.доллар болсон байна. Гэхдээ л Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг хүн хэвээр байгаа юм.

Энэтхэгийн бизнесмен Субхас Чандра эзэмшиж буй компаниудынх нь хувьцааны үнэ унасны улмаас 3.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өдгөө түүний хөрөнгийн хэмжээ 660 сая ам.доллароор үнэлэгдэж байна. АНУ-ын “Uber” компанийн үндэслэгчдийн нэг Трэвис Каланикийн активын нийт хэмжээ 3.1 тэрбум ам.доллароор буурч, 2.8 тэрбум ам.долларт хүрсэн бол Хятадын бизнесмен Ян Зы энэ онд гурван тэрбум ам.доллар алдаж, хөрөнгийн хэмжээ нь 2.1 тэрбум ам.доллар болж буурчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.169) 2019 оны 12 сарын 22

Багабанди 3 тэрбум төгрөг алдсан\n

0  |  0
Top