Японы “Kansai Electric Power (KEPCO)” эрчим хүчний компани терроризмын эсрэг аюулгүй байдлын шинэ хэм хэмжээний хүрээнд хамгаалалтын системийг хугацаанд нь бий болгох боломжгүй болсон тул Хоншю арал дахь “Такахама” атомын цахилгаан станцын гурав болон дөрөвдүгээр реакторуудыг зогсоохоор төлөвлөж байна гэж Японы “Майничи” сонинд мэдээлжээ.
Тус АЦС-ын гурав болон дөрөвдүгээр эрчим хүчний блокийг 2017 онд шинэчилсэн аж. Тухайд үед гурван жилийн зөвшөөрөл олгож байсан бөгөөд дөрөвдүгээр реакторын зөвшөөрлийн хугацаа ирэх оны наймдугаар сард, гуравдугаар реакторынх ирэх оны аравдугаар сард дуусах гэнэ. Энэ хоёр реакторыг зогсоосноор 2011 онд болсон “Фукушима” АЦС-д осол гарахаас өмнө ажиллаж байсан 47 реактороос гурав нь л ажиллах юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Японы Цөмийн зохицуулах комисс тусгай зөвшөөрөл олгох журмыг чангатгаж, эрчим хүчний компаниуд заасан хугацаанд цөмийн объектуудын дэд бүтцийг терроризмын эсрэг аюулгүй байдлын шинэ хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэх үүрэг өгчээ. Шинэчлэлийн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүй компаниуд цөмийн реакторуудыг зогсоох үүрэгтэй.
Тус сонин “Такахама” АЦС-ын шинэчлэлийн ажил удааширсан шалтгааныг энэ оны аравдугаар сард гарсан авлигын дуулиантай холбон тайлбарлажээ. КЕРСО компанийн удирдлага Такахама хотын засаг захиргаанд ажиллаж байсан албан тушаалтнаас олон жилийн туршид алтан зоос, ам.доллар, 70 гаруй костюм зэрэг үнэтэй бэлэг, нийт гурван сая ам.долларын хэмжээний бэлэн мөнгө авч байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Үүний оронд эрчим хүчний компани 2014-2017 оны хооронд тухайн албан тушаалтанд барилга, засварын тендерийн ажил өгдөг байсан байна.
“Фукушима-1” АЦС-д осол гарахаас өмнө цөмийн эрчим хүчний салбар Японы эрчим хүний хэрэгцээний 30 хувийг хангадаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )