Б.Болор: Тархи угаалт буюу коммунизмын үлдэгдэл амь бөхтэй оршсоор байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

“100 АСУУЛТ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Б.Болор оролцлоо. Тэрбээр одоо Монгол, Оросын хамтарсан Гуравдугаар сургуульд багшилж байгаа юм.


-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт минь оролцож байгаад баярлалаа. Та бид хоёр таван жилийн дараа дахин уулзаж байна. Та дүрмээ мэднэ шүү дээ. Би танаас 100 асуулт асууна.

-Сайхаан. Тарган сайхан өвөлжиж байна уу. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Өмнө нь 2014 онд “100 асуулт” нэвтрүүлэгт орж байжээ.

-Гэхдээ энэ удаагийн 100 асуулт арай ондоо байх болов уу. Эхний асуулт, Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-2014 оноос хойш манай гэр бүлд дахин хоёр хүүхэд нэмэгдэж, ам бүл наймуулаа болсон. Эхнэр зургаан хүүхдийн хамтаар амьдарч байна. Гурван хүү, гурван охинтой. Эхнэр Энхцэцэг маань япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Дараа нь нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Одоо хувийнхаа бизнесийг хийж байгаа. Том хүү Гарьд маань Канадад сурч байгаа. Удаах хүү орос гуравдугаар сургуулийн долоодугаар ангид сурдаг. Охин Намуун мөн орос гуравдугаар сургуулийн сурагч. Охин Мишээл бас орос гуравдугаар сургуульд сурч байгаа. Дараагийн охин Дөлгөөн маань цэцэрлэгт хүмүүждэг. Дөлгөөн бол 2014 оноос хойш нэмэгдсэн “товарищ”. Хамгийн отгон хүү Тамир маань дөнгөж хоёр нас хүрч байна. Гэр бүлээ танилцуулахад ийм байна даа.

-Сайхан өнөр өтгөн гэр бүл байна.

-Тийм. Үнэнийг хэлэхэд төлөвлөөгүй байсан. Явсаар байгаад зургаан хүүхэдтэй болчихжээ. Эхнэр бид хоёр гурван хүүхэдтэй болно гэж ярьдаг байлаа. Одоо хоёр дахин давуулан биелүүлчхээд байж байна.

-Ойрын хэдэн жил таны ажлын ачаалал хэр байв?

-Яг сайд, дарга хийж байсан үетэй харьцуулбал гайгүй болсон. Гэр бүлдээ царцуулах цаг нэмэгдсэн. Наад зах нь гурван хүүхэд маань надтай хамт нэг сургуульд байгаа учраас өглөө хүргэж өгч, орой авахаас эхлээд гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөдөг болсон гэдэг утгаараа ажлын ачаалал харьцангуй багассан. Мэдээж ажил бол ажил. 2016 оны сонгуулиас хойш багшийн ажил хийж байгаа. Багшийн ажил алсуураа хүнийг их ядраадаг. Ялангуяа дунд сургуульд багшилна гэдэг шуугиан ихтэй шүү дээ.

-Багшилж байгаа боловч улс төрд анхаарал хандуулсан хэвээр биз дээ?

-Улс төрийн тогоонд хэдэн жил явсны хувьд сонирхолгүй яах вэ. Улс оронд юу болж байна, зөв шийдвэр гаргаж байна уу, буруу зүйл хийж байна уу гээд харна. Эдийн засагч мэргэжилтэй хүн болохоор анзаарах зүйл их. Тэр бүх мэдээллийг хэвлэлээс авч байна.

-Та Сангийн сайд байсны хувьд 2020 оны Монгол Улсын төсвийг яаж хэрхэн харж байна вэ?

-2020 оны төсөв яг л сонгуулийн жилийн төсөв. Хувь хүнийхээ хувьд эрх барьж байгаа МАН улсын төсвөөр сонгуульд орох бэлтгэлээ хангасан төсөв байна гэж харж байгаа. Алдагдал нь хоёр их наяд төгрөг. Орлого дээрээ өндөр тоо тавьсан. Гэтэл энэ жил тийм өндөр орлого олох боломж бага байгаа. Зардал нь огцом нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь зураг төсөвгүй, зүгээр л тэр гишүүний тойрогт тийм зүйл тавилаа, энэ гишүүний тойрогт ийм зүйл тавилаа гэж хэлэх үүднээс тусгасан л төсөв. 2015 онд би 2016 оны сонгуулийн жилийн төсвийг оруулж байсан. Тэр төсвийг 2020 оны төсөвтэй харьцуулаад үзэх юм бол тэмээ, ямаа шиг ялгаатай байгаа. Тухайн үед 90 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтын санал оруулахад л “хас” гэж орилж байсан хүмүүс шүү дээ. Гэтэл одоо өөрсдөө нэг их наяд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихсан. Би хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд байгаа юм биш. Хамгийн гол нь эх үүсвэр нь байна уу, үгүй юу. Та бүхэн анзаарч байгаа бол царцаагдсан барилгууд л үүсгэж байгаа хэрэг. Дараа жил зураг төсөв байхгүй баахан барилгын шав тавина. Бид тухайн үед нэг их наяд, 700 тэрбум төгрөгийн зардлыг танаад оруулж ирж байсан. Манай бүлгийн гишүүд “Яаж байгаа юм бэ” гээд гайхацгааж байлаа. Тухайн үеийн эдийн засгийнхаа хүчин чадлыг тооцоолоод тийм төсөв оруулж ирэх л хэрэгтэй байсан. Маш олон зоригтой шийдвэрүүд гаргасан төсөв оруулж байв. Харин одоогийн төсөв бол яах аргагүй сонгуулийн төсөв.

-2016 оны төсвийг хүмүүс мартаагүй байх. Дэд сайд нарын төсвийг хасаж байсан нь ихээхэн хэл ам дагуулж байсан шүү дээ.

-Тухайн үеийн миний итгэл үнэмшил нөлөөлсөн гэхэд болно. Би дэд сайд нарын ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан. Тэгээд дэд сайд нарыг цомхотгосон. Их л хэл аманд орооцолдож байсан байх. Гэхдээ үнэхээр шаардлагатай гэж үзсэн хэрэг. Намын бүлэг дээр ч бид ярьсан. Би үндэслэлээ тайлбарлаж, асуудлыг зоригтой шийдвэрлэх шаардлагатай гэснээр дэмжигдэж байлаа. Дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс ч гэсэн ойлгосон. Харин дэд сайдуудыг эргээд 2016 оны сонгуулиас хойш гаргаад ирсэн.

-Та хэддүгээр ангийн хүүхдүүдэд хичээл зааж байгаа юм бэ.

-Би орос гуравдугаар сургуульд тоо, эдийн засгийн хичээл зааж байгаа. Гэхдээ орос хэл дээр. Өнгөрсөн жилүүдэд тав, долоо, ес, 11 дүгээр ангийн хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Гуравдугаар ангийн хүүхдүүдэд ч хичээл орж байлаа. Энэ жилээс цагаа жаахан цөөлж, зөвхөн 11 дүгээр ангийн хүүхдүүдэд эдийн засаг, тооны хичээл ордог. Би ер нь тооны чиглэлийн хүн шүү дээ.

-Ер нь яагаад багшилъя гэж бодсон юм бэ?

-Биднийг багад “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуудаг байсан шүү дээ. Тэгэхэд би “Багш болно” гэж хариулдаг байсан юм. Тэгээд ч их сургууль төгсөж ирээд, НИК-д ажиллаж байхдаа их сургуульд цагийн багш хийдэг байсан. Харин дунд сургуульд багшлах мөрөөдөл маань 2016 оны сонгуулийн дараа биелсэн. Тэгэхээр багын л багш болох мөрөөдөл байсан гэж ойлгож болно. Нөгөөтээгүүр төрөлх сургууль маань ч надад санал тавьж таарсан. “Болороо, завтай байгаа бол сургуульдаа багшлаач” гэснээр дуртай хүлээн авч багш болсон. Хүүхдүүдтэй ажиллахад эерэг энерги их авдаг. Тэгэхээр толгой нэлээд сайн амарч байгаа гэж хэлэхэд болно.

-Багшийн цалин амьдралд хүрэлцэж байна уу?

-Орос гуравдугаар сургууль 170 гаруй гадаад, 20 гаруй монгол багштай. Бид хичээл зааж байгаа цагийнхаа хэмжээгээр цалинждаг. Гадаад багш нарыг Монголд авчирч ажиллуулахын тулд өндөр цалин олгох ёстой. Тэр утгаараа гадаад багш нарын цалинтай дүйцэхгүй. Миний хувьд сая гаруй төгрөгийн цалин авдаг.

-Дажгүй юу?

-Дажгүй. Ер нь цалин гэхээсээ илүүтэй хүсэл мөрөөдлөө дагаад багшийн ажил хийж байгаа. Гэхдээ цалин хүнд хэрэгтэй. Тэр утгаараа миний цалин надад болж л байна.

-Шавь нартаа ямар үгийг их хэлж байна вэ?

-Зөв хүн болж хүмүүжих тал дээр нь анхаардаг. Айхтар хатуурхдаггүй. Аав маань тийм хүн байсан юм. Аавынхаа сургаалыг бодож багшилдаг. Хараад байхад одоогийн хүүхдүүд өөр болсон байна. “Одоогийн хүүхдүүд” гэдэг үг үеийн үед моодны хэллэг байсаар ирсэн гэдэг. Биднийг бага байхад “одоогийн хүүхдүүд” гэж ярьдаг л байсан. Одоо би бас “одоогийн хүүхдүүд” гээд ярьж байна. Бидний үед заавал “тав” авах ёстой гэж зүтгэдэг байсан бол одоогийн хүүхдүүд дүнгийн төлөө айхтар тэмүүлэхээ больсон байна. Гэхдээ юмыг мэдье гэсэн чин эрмэлзэлтэй. Маш их асуулт асуудаг. Аливааг мэдье гэж хүсээд байхад нь туслахыг хүсдэг. Тэр асуулт болгонд хариулахын тулд багш хүн өөрийгөө хөгжүүлж байна. Зарим асуулт нь хариулахад төвөгтэй байх нь бий. Тийм учраас шавь нараа аливаад чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсдэг. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гээд дуу байдаг. Гэхдээ тооны чиглэлийн хичээл заадаг болохоор тоогоо бол яс заана.

-Таныг хоккей сонирхдогийг мэдэх юм. Яг одоо улирал нь эхэлчихлээ дээ.

-Хоккейгоо тоглоод л явж байгаа. Жаахан хүйтрэхээр л мөсөн талбай дээр гүйгээд гардаг. Өнгөрсөн жил дөрвөн сарын дотор хоёр удаа гараа хугалсан. Тэгэхээр яс муудаж байгаагийн шинж. Тоглож байгаад мөргөлдөөд унахаар л бэртчихдэг болсон байна. Хуучин бол хамаагүй мөргөлдөөд, унаад явдаг байсан. Гэхдээ яах вэ, хүүхдүүдээ дасгалжуулаад явж байгаа. Сургууль, хоккейн бэлтгэл хоёрын хооронд л гүйж байна даа.

-Хоккейн спортыг хүүхдүүд хэр сонирхож байна вэ?

-Монгол Улсын хувьд хоккейн спорт бүрэн хөгжих боломжтойд тооцогддог. Олон улсын олимпын холбооны ерөнхийлөгч Жак Рогге Монголд ирэхдээ “Танай монгол хүүхдүүдэд хоккей, бейсболын спорт үнэхээр зохино. Монгол хүүхдүүдийн биеийн онцлогт тохирсон спорт” гэж хэлж байсан. Одоохондоо манайд битүү дээвэртэй мөсөн ордон байхгүй болохоор хүүхдүүд маань жилийн дөрвөн улирал хичээллэж чадахгүй, зөвхөн өвөл мөс тавьж байна. Түүнээс биш хүүхэд залуучууд их сонирхдог спорт. Одоо харьцангуй хувцас хэрэглэл элбэг болсон. Ганцхан битүү дээвэртэй ордонтой болчихвол урагш явах гээд л байна.

-Таны баг хаана бэлтгэл хийдэг вэ?

-Зургаадугаар сургуулийн талбайд үзээд л байна. Хүүхэд залуучуудыг сайн дэмжиж байгаа сургууль. “Зургаагийн каток” гэж яригддаг. Ер нь 52-ын, 15-ын, хорооллын гээд хэдхэн каток л байна шүү дээ. Дээрээс нь Эрдэнэт, Шарын гол гээд уламжлалт хоккейтой газрууд байна. Эдгээрийн хооронд л гол өрсөлдөөн өрнөнө. Гэлээ гээд зөвхөн өвөл тоглодог. Мөс хайлахад байхгүй болно. Байдал ийм байгаа ч манай хоккей хөгжиж байгаа. Сүүлийн хоёр жил дараалан “Challenge cup” гээд Азийн тэмцээнд түрүүллээ. Дандаа битүү мөсөн талбайтай газраас ирсэн тасралтгүй бэлтгэл хийдэг тамирчидтай үзээд түрүүлж байна гэдэг бол цаашид манай залуучууд амжилт гаргах бүрэн боломжтой нь харагдаж байгаа юм. Хоккей бол дэлхийн хэмжээний спорт. Багийн спортоор амжилт гаргаж болдог гэдгийг манай сагсчид бас харуулж байгаа шүү дээ.

-Таны ярианаас харахад стресс багассан болов уу гэж бодогдож байна.  

-Би айхтар стресстээд байдаггүй хүн л дээ. Өөрийгөө аль болох тайван байлгахыг боддог. Хариуцлагатай ажил хашиж байх үед мэдээж бухимдана. Ялангуяа 2016 оны төсвийг УИХ руу авч ороод, УИХ-ын босгыг давах гэж айхтар зүдэрч байлаа шүү дээ. Тэр үед сөрөг хүчин гэж айхтар байсан. Бид чинь дөнгөж 31-үүлээ. Сөрөг хүчин 26-уулаа. Их ч стресстдэг байж. Одоо харьцангуй гайгүй. Ер нь хүн л болсон хойно болж бүтэхгүй юм гарахаар жаахан стресстдэг. Стресстлээ гээд яах ч билээ дээ.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Гэр бүл минь юм даа. Зургаан хүүхэд минь байна. Мэдээж монгол хүн бүрт эх оронч зан шингэчихсэн байдаг шиг санагддаг. Монгол хүн болгонд бардам зан байдаг. Үүнийгээ зөв хэрэглэхгүй бол болохгүй.

-Чулуутынхаа гол руу хэр их явж байна вэ?

-Аан Чулуут руу үе үе явна аа. Явалгүй яах вэ. Хүний унаган нутаг гэдэг очих болгонд сайхнаар угтдаг. Ах дүү нар олон бий. Ирэх долоо хоногт дахиад явна. Ер нь зуны дэлгэр цагт Архангай аймаг руу их явдаг. Манайх чинь бүх хүүхдээ аваад Архангайд зун болгон нэг сар болдог айл. Өнгөрсөн жилээс эхлээд дунд хүүгээ мал төллөх үеэр Чулуут руу явуулж, 14 хонуулдаг болсон. Эндээс шууданд суулгаад явуулчихна. Цаанаас нь манай үеэл тосож аваад гэртээ аваачаад 14 хоног мал төллүүлэхэд туслуулаад, буцаагаад шууданд суулгаад явуулчихдаг. Хэдийгээр манай хүүхдүүд хотод өсөж байгаа ч монгол ахуйгаа мэддэг байх хэрэгтэй гэж би боддог. Ядаж морь зүсэлдэг байх ёстой гэдэг талаас нь их анхаардаг.

-Таныг багш болоход ойр дотнынхон чинь хэр шүүмжилсэн бэ?

-Багш болоход шүүмжлэх хүн байхгүй л дээ. Хэцүү байна уу, дунд сургууль амаргүй гэдэг талаас нь зөвлөгөө өгдөг найзууд бий. Түүнээс биш шүүмжилсэн зүйл гараагүй л байна, одоохондоо.

-Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Ер нь хүн яаж явах нь юунаас шалтгаалаад байна вэ?

-Би хувь хүний суурь хүмүүжлээс шалтгаалдаг гэж боддог. Эцэг эхээс өгч байгаа хүмүүжил. Эцэг эх нь ямар ч хүн байж болно. Багш байж болно, дарга байж болно, малчин ч байж болно. Гэхдээ эцэг эхээс хүүхдэдээ өгч байгаа хүмүүжил нь тухайн хүүхдийн цаашдын замыг зурж өгдөг гэж боддог. Биднийг Гадаад харилцааны яаманд байхад зургаан оюутныг олон улсын харилцааны сургуулийн чиглэлээр Орос руу явуулсан юм. Тэгэхэд яг л суурь хүмүүжил харагдсан. Тэнд малчны, эмчийн, даргын гээд янз бүрийн хүүхдүүд явсан. Тэр нь илүү гэж хэлэх боломжгүй. Харин юугаараа ялгарсан бэ гэвэл суурь хүмүүжил. Малчны хүүхэд мундаг сураад төгсөөд ирэх нь бий. Даргын хүүхэд гэхэд чадах нь бий, чадахгүй нь ч бий. Гаднын сургуулиуд тэр хүүхдүүдийг ялгахгүй шүү дээ. Тэгэхээр хувь хүний зураг суурь хүмүүжлээс гардаг гэж боддог. Би найзууддаа болон дүү нартаа үүнийг л хэлдэг. Мэдээж хүүхдүүдээ эрхлүүлэлгүй яах вэ. Харин хүүхдээ хүнтэй зөв харьцдаг болгож сургах нь чухал. Би ямар ч хүнтэй, ямар ч сэдвээр ярьж чаддаг байх ёстой гэж хүүхдүүддээ сургадаг. Аав маань мөн ингэж сургадаг байсан.

-Та хүүхдүүдийн дунд хэр хүрээлэл бий болгож чадаж байна вэ?

-Ер нь гайгүй шүү. Айхтар хатуу багш биш болохоор хүүхдүүд сайн ханддаг. Би ч хүүхдүүдтэй дотно байхыг хичээдэг. Заах хичээлээ бол программын дагуу заана. ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр явдаг. Тэгэхээр унших юм их байдаг.

-Дааж авсан анги бий юу?

-Энэ жилийн хувьд дааж авсан анги байхгүй. Ярилцлага өгөхөөр наашаа гарахын өмнө 11 дүгээр ангийнхаа хоёр бүлгийг Төрийн ордонтой танилцуулчхаад ирлээ. Хүүхдүүд маань “Сайхан аялал боллоо, багшаа баярлалаа” гэцгээж байна. УИХ-ын зарим гишүүнтэй таарна. Би таних болохоор хүүхдүүдэд “Нямдорж сайд явж байна” гээд л тайлбарлаж өгнө. Хүүхдүүд “зурагтаар гардаг хүмүүс байна” гээд баярлаад байгаа юм.

-Орчин цагт нийгмийн сүлжээ хөгжөөд анги болгон фейсбүүк групптэй болж. Та сошиалд хүүхдүүдтэй хэр ойр байдаг вэ?

-Би сошиал орчинд маш их цаг зарцуулдаг. Заримдаа ажлын садаа шахуу болох гээд байдаг. Олон группт орчихсон. Өөрөө ч нэг мэдэхэд фейсбүүкээ үзчихсэн сууж байдаг. Би чинь 140 гаруй мянган дагагчтай хуудастай. Түүндээ их идэвхтэй. Бас ангиудынхаа группт байдаг. Одоо чинь ингэж л харилцаж байна шүү дээ. Хуучин бол утасгүй ч нэг нэгнээ олоод уулзаад байдаг байсан. Одоо бол сошиалаар дамжуулж харилцаж байна. Өмнө нь яаж болоод байдаг байсан юм.

-Тантай уулзана гээд би жич асуултууд бэлтгэсэн юм. Бүтэнсайн өдрүүдэд НӨАТ-ын сугалааны тохирол явдаг. Сугалаанд хожоогүй гэдэг утгаараа би ингэж хандаж байгаа юм биш шүү. НӨАТ-ын сугалааны өнөөгийн хэлбэр нь таны санаж бодож байсанд хүрж байна уу?

-Миний бодлоор хүрж байгаа. Иргэд ам сайтай байгаа гэж бодож байна. Энэ хуулийг анх санаачлаад явахад ажлын хэсгийг нь би ахалж байсан. Хэрэгжиж эхлэхэд нь Сангийн сайд байсан учраас анхны бүх ажлуудыг нь хийж байлаа. Энэ утгаараа НӨАТ-ын сугалааг өмөөрнө. Бид Европын холбооны улсуудын жишгийг харсан юм. Тэр дундаа Португал, Испанийн туршлагыг харж байж, ийм хэлбэртэй байх нь зөв юм байна гэж үзсэн. Ингэж байж далд эдийн засгийг ил гаргах, иргэдээ хариуцлагажуулах нөхцөл байдал руу орж байгаа юм. Манай нэг найз ресторан ажиллуулдаг. Тэр нөхрийн орлого, зарлага нь бүгд ил болчихсон. Өөрт нь ч амар болсон. Өмнө нь зөөгчдөө итгэдэггүй байсан бол тэр арилсан. Учир нь хүмүүс дандаа баримтаа нэхдэг болсон. Баримтаа нэхэхээр нөхөр өөрөө ч орлогоо нуух боломжгүй, наанаас нь зувчуулах, нуух зэрэг аргууд мөн хэрэггүй болно. Яагаад гэвэл үйлчлүүлэгч баримтаа заавал нэхнэ. Орон нутагт жаахан хангалтгүй хэрэгжээд байгаа тал бий. Уг нь орон нутгийн дэлгүүрүүд баримт хэвлэх машин авах л жижиг зардал гаргана. Сум болгон шилэн кабельтай, интернэттэй болсон. Тэр дэлгүүрт ямар ч алдах зүйл байхгүй. Хамгийн гол нь эдийн засгийг ил болгож, татварын орлогыг зөв аргаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Хүн бараагаа худалдаж аваад баримтаа нэхэж авч байна. Автоматаар мэдээллийн санд орж байна. Бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна гэдэг нь надад анзаарагдсанаар “баримтаа авъя” гэхээр өгдөггүй болохоор тэгж хэлж байгаа юм.

-Иргэд НӨАТ-ын сугалаанд хождоггүй болохоор НӨАТ-ын буцаан олголтынхоо хувийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Энэ боломжтой юу?

-Боломжтой л доо. Бид эхний ээлжинд ямар ч байсан ингээд явах нь зөв юм байна. Сугалаа гэдэг нь баримтаа нэхэж авах хөшүүрэг болно гэж үзсэн. Энэ системийг хийсэн залуучууд үнэхээр мундаг байсан юм. Ямар ч улс төргүй залуучууд ажилласан. Дараа нь хольж сольсон юм билээ. НӨАТ-ын сугалаа явуулж эхлээд дөрвөн жил болж байна. Энэ хооронд би 2-3 удаа 30 мянган төгрөг хожсон. Тэгэхээр НӨАТ-ын сугалаа бохир явагддаг гэж би боддоггүй. Тийм боломж ч байхгүй. Харин НӨАТ-ын сугалаа явуулдаг энэ боломж дээрээ үндэслээд цаашдын сайжруулалтуудаа хийгээд явах боломжтой.

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт санасанд тань хүрсэн үү?

-Тухайн үедээ хүрлээ гэж ойлгосон. Харин одоо гуйвуулах болж. Миний бодлоор их сайн хууль болсон. Дандаа жижиг, дунд бизнес хийдэг, зах дээр наймаа хийдэг хүмүүс хамрагдсан. Энэ хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтнууд хамрагдахгүй гэсэн заалт бий. Одоо л мушгин гуйвуулаад байгаа болохоос биш тухайн үед 33 их наяд төгрөгийн далд эдийн засгийг ил болгож байсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч их тоо байгаа биз. Энэ хэрээрээ татварын орлого огцом нэмэгдэж байсан. Эргээд л улс төр рүүгээ орчхоод байгаа юм. АН хийсэн болохоор энэ хуулиуд муу гэдэг явуулга хийж байна. Гэтэл миний хувьд НӨАТ-ын болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд нь хоёулаа зөв хууль. Би тухайн үед УИХ-ын индэр дээрээс О.Баасанхүү гишүүнтэй муудалцаад л явж байсан. Энэ хуулийн үр нөлөө гарсан шүү дээ. Гэтэл одоо эргээд далд хэлбэр рүү оруулаад эхэллээ. Татвар нэмээд эхлэхээр эдийн засаг далд болдог. Эдийн засгаа ил болгож байж манай эдийн засаг тэлнэ. Улмаар бүүр дээр үеийн дамын наймааны хэлбэр рүү шилжинэ. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас боллоо гээд байгаа. Тийм зүйл байхгүй. Та нар энэ дөрвөн зүйлээ зас гээд ФАТФ-ийн веб сайт дээр бэлээхэн биччихсэн байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай ямар ч хамаагүй асуудлууд бичсэн. Тухайн үед бид Дэлхийн банк, ОУВС-тай олон удаагийн хэлэлцээр хийсэн. Бүгд зөв хууль гэж байсан. Энэ хууль үр өгөөжөө өгсөн. Харамсалтай нь шинэ гарч байгаа хуулиуд нь тэр өгөөжийг арилгах байдал харагдаад байна.

-Та АН-д хэр оролцоотой байгаа вэ?

-Архангай аймгийг төлөөлөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон Улс төрийн зөвлөлийн гишүүн хийж байгаа. Тодорхой хэмжээгээр бүлэгт зөвлөх хийгээд явж байна. Тэгэхээр нам дээрээ өөрийнхөө хэмжээнд оролцоогоо хангаад явж байна гэж ойлгож болно.

-Тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Олон л зүйл байдаг даа. Гэхдээ аль болох тэвчээртэй байхыг хичээдэг. Худал хуурмагийг тэвчдэггүй. Хэдийгээр жижүүрийн хариулт шиг санагдаж болох ч замын хөдөлгөөн, ажлын байран дээр олон зүйл тохиолддог. Манай иргэд замын түгжрэлийг үргэлж шүүмжилдэг. Гэтэл 2014 онд Шведийн мэргэжилтнүүд манай замын түгжрэлийг хараад цэвэр жолооч нараас болж байна гэсэн. Түгжрэлтэй байх хэмжээний авто машин Улаанбаатарт алга гэж билээ. Зүгээр л нэг нэгнийгээ хүндлээд явчих юм бол манайд түгжрэл байхгүй байх боломжтой. Үүн шиг зарим нэг зүйлийг тавхан секунд тэвчих учиртай. Үүний оронд монголчууд дуут дохиогоо хангинуулаад л уулзвар дээр дөрвөн талаасаа орж ирээд гацчихдаг.

-Гэхдээ авто машины тоо жил болгон нэмэгдэж байгаа шүү дээ.

-Тийм л дээ. Манайд жил болгон машин нэмэгдэж орж ирээд байдаг. Харин хасагддаггүй онцлогтой. Гадаадад 15 жил явсан машин хасагддаг бол манайд яаж ийгээд л явуулаад байна. Нөгөөтээгүүр яагаад ч үзлэгт тэнцэхгүй машин гудамжаар явж л байдаг.

-Монгол Улсын ойрын хэдэн жилийн эдийн засгийг хэрхэн харж байна вэ?

-Уг нь Монгол Улсын эдийн засаг сэргэлт авахдаа хурдан. Бид эдийн засгаа ганц уул уурхайгаас хараат байдгаас гарах хэрэгтэй. Эдийн засгаа солонгоруулах хөтөлбөр эхлүүлсэн. Би Сангийн яаманд байхдаа энэ чиглэлээр томоохон уулзалтууд хийж байсан. Манайх чинь 60 сая малтай гээд байгаа биз дээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гээд том салбарууд байна. Аялал жуулчлалын салбар хөгжих бүрэн боломжтой. Төр дэмжинэ гэж бизнес рүү оролцох биш. Зүгээр чөлөөтэй бизнесийг нь хийлгэ л дээ. Би бараг ингэж боддог. Мэргэжлийн хяналтыг татан буулгаад, татварыг нь аваад явахад болно гэж боддог.

-Тэгэхээр хэн хянах юм бэ?

-Баруун Европт мэргэжлийн холбоод нь хянаад явчихдаг. Заавал төрийн том хүнд суртлаар дамжих албагүй. Төрийн албан хаагчдын тоо өнөөдөр 200 мянга давчихлаа. Гуравхан сая хүн дунд ийм их төрийн хүн байхаар чинь иргэдийн амьдрал улс төрөөс шалтгаалахаас өөр аргагүй болчхоод байна. 200 мянган хүний ард байгаа гэр бүлийн гишүүдийг нь тоолбол бүгд төрөөс хамааралтай болж таарна. Ингэвэл зах зээлийн эдийн засаг хөгжихгүй. Гадаадад гайхалтай сайхан сургууль төгсөж ирсэн хүүхдээ цай зөөгчөөр ч хамаагүй төрийн байгууллагад оруулъя гээд явж байгаа эцэг эх байна. Гэтэл Бельги Улс 13 сая хүнтэй. 20 мянган төрийн албан хаагчтай. Тэгэхээр улс төрөөс хамааралтай байдал Монголд арай дэндүү байгаа биз дээ. Дагаад улстөржилт гэдэг аймаар зүйл явж байна. Өөрөөр хэлбэл, тархи угаалт буюу коммунизмын үлдэгдэл амь бөхтэй оршсоор байна. Зөвхөн төрийн албанд л орох юм бол амьдрал нь цэгцэрнэ гэсэн ойлголттой байгаа нөхцөлд Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд бизнест үнэхээр дарамт болж байна. Өмнө нь нэг давхартаа караокетой, хоёр давхартаа ресторантай байгууллага нэг тусгай зөвшөөрөлтэй бизнесээ явуулдаг байсан бол 2016 оноос хойш Мэргэжлийн хяналтаас нэг нөхөр давхиж очоод тусдаа зөвшөөрөлтэй байх ёстой гэж лацадчихаад, манай өрөөнд очиж уулзаарай гээд яваад өгч байна. Нэг байранд, нэг байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Мэргэжлийн хяналтынхан тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг өгөхгүй. Тийм муухай хүнд суртал гэдэг зүйлийг албажуулж болохгүй. Зах зээлийн нийгэм гэдэг нь хүмүүс бизнесээ хий, төр татвараа авна гэдэг зарчим. Нэгэнт бид энэ нийгмийг сонгочихсон бол жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Эсвэл хуучны төлөвлөгөөт эдийн засаг руугаа явах ёстой. Тэр эдийн засгаар чинь хөгжиж байгаа ганц улс нь Хойд Солонгос.

-Сонгуульд ялагдана гэдэг алдаа юу?

-Үгүй шүү дээ. Ардчиллын чинь хамгийн үнэт зүйл нь сонголт хийх боломж. Би иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж боддог. Нэгэнт сонгуульд өрсөлдөөд ялагдсан бол шударга. Би хоёр ч сонгуульд менежерээр орж, хоёр ч сонгуульд өөрөө нэр дэвшиж байлаа. Ялж ч үзлээ, ялагдаж ч үзлээ.

-2016 оны сонгуульд нийслэлийн БЗД-ээс өрсөлдөөд ялагдсан нь юунаас болсон гэж үзэж байна вэ?

-Ер нь 2016 оны сонгуульд АН бүтэн ялагдал хүлээсэн. 2012 онд УИХ-д 31-үүлээ орж ирсэн. Дараа нь дөрвөн хүн нэмэгдээд 35-уулаа болсон. 35-уулаа сонгуульд ороод есүүлээ болсон. Бүрэн хэмжээний ялагдал хүлээхэд маш олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Нэгдүгээрт, бид маш хүнд эдийн засгийг хүлээн авч байсан. Гэвч бид ийм байна, тийм байна гэж хэлээгүй. Урагшаагаа хараад л ажлаа хийгээд явсан. Аль болох бүтээн байгуулалт хийж, зоригтой шийдвэр гаргаж явъя гэсэн эрмэлзэлтэй байсан. Ямарваа нэгэн байдлаар хийсэн ажлаа сурталчлаагүй, хар Пи-Ар хийгээгүй. Харин сөрөг хүчин дөрвөн жил нүдсэн. Хэрэв та бүхэн санаж байгаа бол давхар дээл тайлуулаад, хар машин шатаагаад л, нэгтийн төгрөгүүд өрж тавиад ам.долларын ханш өслөө гээд олон зүйлийг хийсэн. Энэ бүхэн сонгуульд нөлөөлсөн байх.

-Та Европын холбоо, Монгол Улс хоорондын түншлэл, хамтын ажиллагааны том хэлэлцээрийг хийсэн. Өнөөдрийн байдлаар сэтгэл хангалуун байгаа юу?

-Хангалуун байгаа. Европын холбоотой хийсэн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр бол маш том хэлэлцээр. Европын холбооны гишүүн 27 улстай бүгдтэй нь хэлэлцээр хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээрийг бид хоёр жилийн дотор хийж чадсан. Би Монголын талыг ахалж эхнээс нь дуустал 100 хувь явсан. Энэ хэлэлцээр батлагдахад үнэхээр баярлаж байлаа. Европын холбоотой хэлэлцээр хийх тийм амар биш. Бусад улс орнууд 5-6 жил явдаг. Энэ том хэлэлцээрийн үр дүн олон зүйлд гардаг. Иргэдэд сайн сурталчлаагүй болохоор мэдэхгүй байгаа юм. Энэ хэлэлцээрийг хийснээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод том дэвшил болсон. Хоёр том хөршийн дунд байдаг улсад гуравдагч хөршийн бодлого гэдэг зүйл зайлшгүй байх ёстой. Европын холбоо бол маш том түнш. Энэ хэлэлцээрийг хийсэндээ баяртай байдаг. Хамтарч ажилласан хүмүүстээ талархаж явдаг. Монголын талаас том баг ажилласан юм. Ялангуяа худалдааны хэлэлцээр дээр ярвигтай зүйлүүд яригдаж байсан. Ямар ч өөрсдийнхөө тусгая гэж бодож байсан зүйлүүдээ бүгдийг нь оруулсан.

-Гэсэн хэдий ч үр өгөөжийн хувьд юу хэлэх вэ?

-Европын холбоотой хийх худалдааны эргэлт хэд дахин нэмэгдсэн. Хүмүүс анзаарахгүй байх шиг байна. Бид нар Европын холбоо руу маш их хэмжээний бараа гаргадаг болсон. Энэ хэлэлцээрийн үр дүнд маш олон барааг татваргүй нийлүүлдэг зарчим үйлчилж байгаа. Манай иргэд тэр олон заалтыг мэдэхгүй байх нь аргагүй. Гэхдээ ашигладаг хүмүүс олон бий. Энд маш олон боломж байгаа. Эрх зүйн хувьд ч визний асуудал энд багтана. Дипломат паспорттой иргэд визгүй зорчино гээд байгаа нь зөвхөн дарга нарт үйлчлээд байгаа хэрэг биш. Харин эхний алхам юм. Дараагийн удаад албан паспорттой иргэд зорчдог болно. Тэгээд энгийн паспорттой иргэд зорчино. Европын холбооны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдсэн. Тиймээс энэ хэлэлцээрийн ач холбогдлыг үнэлэх хэрэгтэй. Мундаг том хэлэлцээр. Хэлэлцээр байгуулахад тухайн үеийн Гадаад харилцааны яам, Сангийн яамны хүмүүс идэвхтэй ажилласан. Тэр үед аливаа нэгэн улс төр байгаагүй. Үүнийг заавал хийх ёстой гээд л хийсэн.

-Улстөрч хүн ямар байх ёстой вэ?

-Миний хувьд улстөрч хүн бүтээлч байж л улс орон хөгжинө. Миний харж байгаагаар манай улстөрчид харьцангуй бүтээлч. Аливааг хийх гэж зорьдог. Зоригтой хийдэг. Тэр явцдаа алдаа гаргадаг. Түүнээс биш аль их ярьсан нь, аль их попорсон нь улстөрч болж харагдаад байж магадгүй. Одоо попрол арай хэтрээд байгаа. Гэхдээ ард түмэн ялгах байх. Энэ попуудаас болоод улс орон хөгжихгүй байна. УИХ-д долоогоос дээш жил суучихсан. Тэгээд улс орныхоо төлөө юу ч хийгээгүй мөртлөө “ард түмэн” гэж орилсон хүмүүс байна. Манайхан мэдэж байгаа байлгүй дээ. Ийм хэлэлцээр хийлээ, ийм хууль батлууллаа гэсэн үг байхгүй мөртлөө ард түмний нэрийг барьж их ярьдаг. Ийм хүмүүс сонгогдоод л байх юм бол Монгол Улс зах зээлийн зарчмаар хөгжихөд төвөгтэй. Попууд чинь өөрсдөө л гангараад байна. Миний хэлсэнчлэн төрийн албаны ажилчдыг цөөрүүлээд эдийн засгийн зөв хэлбэрт нь оруулаад, улс төрөөс шалтгаалдаг байдлыг үгүй хийх хэрэгтэй. Жишээ авсан Бельгид сонгуулийн ирц 20-30 хувьтай байдаг. Улс төр гэдэг зүйлийг сонирхохгүй байгаа хэрэг. Гэтэл манайд бүх хүмүүс улстөрч болчихсон. Зурагтаар нэг цагийн мэдээ гарлаа гэхэд 50 минут нь улс төрийн тухай байдаг. Энэ байдлыг л өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд эдийн засгаа тэлнэ. Хувийн хэвшлийг дэмжинэ. Одоо хүмүүсийн дунд хувийнх бол муу, улсынх бол сайн гэдэг ойлголт суулгаад байна. Амжилттай яваа том бизнесүүдээ дэмжихийн оронд яаж унагах вэ гэсэн зүйл л явагддаг. Үндэсний хэмжээний том компаниуд чинь л улсын эдийн засгийг авч явна шүү дээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тийм л байна. Манайхтай ойролцоо хөгжилтэй Зүүн Европын орнууд, Зүүн өмнөд Азийн орнууд ч хувийн хэвшил дээрээ тогтож амьдардаг. Хувийн хэвшлийн төлж байгаа татвараар энэ нөхөд цалинжаад, том машинуудаа унаад явж байгаа. Тэгэхээр улстөрч хүн бүтээлч сэтгэдэг байх хэрэгтэй. Монголд эдийн засгийн бодлого чухал байна. Өнөөдөр бид сонголт дээр ирчихсэн байгаа. Их ярих биш, бүтээлчээр ажиллах хэрэгтэй байна.

-Таны хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу вэ?

-Миний одоогийн байгаа зарчим бол аавын минь заасан сургаал юм. Аав минь талийгаач болоод удаж байгаа л даа. Надад ямар ч хүнтэй харьцаж сурах ёстой гэж заадаг байсан. Чи өөрөө зөв явбал эд баялаг ирнэ гэдэг байсан. Одоогийн ерөнхий хүмүүжил маань ааваас минь эхтэй. Энэ зарчмаар гэр бүлээ авч явахыг боддог. Гэвч аавдаа баярлалаа гэж хэлж байгаагүй. Нэг удаа ч болтугай баярлалаа гээд хэлчихгүй яав даа гэж харамсдаг юм.

-Таны муу зуршил юу вэ?

-Муу зуршил ихтэй байх аа /инээв/. Ямраас нь эхэлдэг юм билээ. Заримдаа залхуурна. Заримдаа хэтэрхий тайван байдаг байх. Уг нь эмоцио гаргах нь зөв гэж боддог ч аядуу зөөлөн зан гаргана. Ерөнхийдөө нэрэлхүү зантай. Энэ бүхэн хийх ёстой зүйлээ л хийх ёстой гэж боддогтой минь холбоотой байх.

-Юу хийхийг хамгийн ихээр хүсэж байна вэ?

-Том зургаа харах юм бол бидний үр хүүхэд Монгол Улсад л амьдарна. Тэгэхээр ирээдүй минь болсон үр хүүхдэдээ үлдээх эх орноо аль болох зөв эдийн засагтай, зөв нийгэмтэй болгохын төлөө ажиллах ёстой. Нэг хүний ч хийдэг ажил биш л дээ. Уг нь хоёр нийгмийг үзээд, шилжилтийн үеийг даваад гараад ирсэн хүмүүс арай өөрөөр сэтгэмээр байгаа юм. Тэгэхгүйгээр попроод байвал болчих ч юм шиг яваад байвал бүтэхгүй л дээ. Илүү бүтээлч баймаар байна.

-Та суралцаж чадаж байна уу?

-Суралцсаар л байна. Ялангуяа ахлах ангиудад хичээл орохоор асуултад нь хариулж чадахгүй балрах вий гээд их уншдаг болсон. Тооны хичээлийн нарийн ширийнийг мартсан байна. Дээрээс нь орос хэл дээр заана гэдэг багшаас их зүйл шаарддаг. Тэгэхээр дахиад суралцах шаардлага байна. Ер нь хүн үхэн үхтлээ л суралцдаг гэдэг байх аа.

-Та хэр их уурлаж байна вэ?

-Ажил дээр уурлах зүйл бага. Хүүхдүүдэд уурлах юу байх вэ. Гэхдээ хааяа уурлана. Миний ганц дургүй зүйл нь хичээлийн үеэр ширээн дээр хэвтчихсэн хүүхэд. Тийм хүүхэд байвал ер нь л хөөгөөд гаргачихна шүү.

-Та азтай хүн мөн үү. Яагаад?

-Би азтай хүн. Энэ сайхан улсад монгол хүн болж төрсөн. Бусад оронтой харьцуулаад үзэхэд азтай. Хоёрдугаарт, сайхан гэр бүлтэйгээ амьдарч байна. Тэгэхээр азтай л гэж бодно.

-Цаашдаа юу хийх гэж байна вэ?

-Ажиллаад л явна даа. Хэрэв намаас квот олдвол УИХ-ын сонгуульд дэвшиж, өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа. Хэн өрсөлдөхийг нам шийднэ. Тэр нь ч зөв. Зарим хүн нам хэрэггүй гэж ярьдаг. Тэгвэл төсөөлөөд үзье л дээ. 76 бие даагч гараад ирвэл яах вэ. 76 тийшээ харж суугаад бас л хэцүүднэ. Тэгэхээр дэлхий нийтэд шалгарсан энэ аргыг зөв хэрэглэх учиртай.

-УИХ-ын сонгууль гэснээс 2016 оны сонгуулиар Таны өрсөлдөгч уулзалт дээр тань очиж байсан. Өмнө нь болж байгаагүй ийм зүйлийг Та яаж хүлээж авсан бэ?

-Монголд л болж байгаагүй байх. Нөхөр энд тэндээс жишээ аваад хийсэн хэрэг. 500 хүн цугласан том уулзалт дээр ирж байсан шүү дээ. Том хар машин ирж зогсоод, дотроос нь хар хослолтой залуучууд буугаад, араас нь манай Ж.Энхбаяр бууж ирсэн. Шууд тайзан дээр гарч ирээд “Микрафоноо” гэхээр нь ямар өгөхгүй гэлтэй биш дээ. Тэгээд “Болор бид хоёр найзууд. Болор бид хоёрын дундуур юу ч орохгүй” гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би “Баярлалаа” гээд л үлдсэн. Нэг тактик байсан байх.

-Тухайн үед танд юу бодогдож байв?

-Юу ч бодогдохгүй юм билээ. Хүн ирээд амжилт хүсье гээд яваад өгчихсөн. Тэгээд үргэлжлүүлээд уулзалтаа хийгээд үлдсэн.

-Та зөрүүлээд уулзалт дээр нь очоод амжилт хүсэж болоогүй юм уу?

-Яах юм. Миний уулзалтууд хамаагүй олон хүнтэй болоод байсан юм. Өөртөө ч их итгэлтэй байлаа. Судалгаагаар бүх талаараа илүү гэж гарч байсан. Гэхдээ ялагдсан. Сонгуулийн дараа баяр хүргэсэн. Ер нь би өндөр санал авсан л даа. жижиг тойрогтой сонгуулийн хувьд 8000 хүний санал гэдэг бол том тоо. Ихэнх сонгогдсон гишүүд надаас бага саналаар УИХ-д орж ирсэн. Энэ бол жижиг тойргийн гажиг нь юм. Бид чинь тоглоомын дүрэм яаж тогтоно, түүгээр тоглох учиртай. Ерөнхий байдлаараа 2016 онд АН-ын прогноз сайнгүй байсан л даа.

-Та сонгуулийн ямар хувилбарыг дэмждэг вэ?

-Миний хувьд пропорциональ тогтолцоог дэмждэг. Яагаад гэвэл 76 жижиг тойрог энэ улсын эдийн засгийг дэмжих тогтолцоо биш. Архангай аймгийн гурван гишүүн гэхэд гурван жижиг тойрог руугаа төсвийг чирч байна шүү дээ. Улсын хэмжээний том төсөл ярихаа больчихдог. Зүй нь бодлогоор улсаа хөгжүүлэхэд тухайн орон нутаг дагаад л хөгжих учиртай.

-Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцсон Танд баярлалаа. Таныг хоёр дахь удаагаа оролцсон болохоор цаг үетэй холбоотой асуултууд оруулсан болохыг ойлгоорой.

-Та бүхэнд мөн баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт хоёр дахь удаагаа оролцлоо. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.241.247) 2019 оны 12 сарын 26

Энэ тэнэг 49% г дээрэм хийхэд нилээн том уурэг гуйцэтгэж байсан хун биздээ

0  |  0
Зочин (66.181.179.150) 2019 оны 12 сарын 26

Сайхан яридаг хумуус л еерсдее авилгач офшортон баялгаа унэгуйдуулдэг тархи угаагч нар байх юм даа еерсдед нь улс орноо ядуурлаас гаргаж ард тумнээ дундаж амьдралтай болгох хугацаа хангалттай байсан

0  |  0
Zochin(66.181.181.119) 2019 оны 12 сарын 25

марксын сургаалын ард маркс санаатайгаар ингэхээр надад үйлчилэхээ байчихна гэж байгаа юм шиг зүйл харагдаад байгаа юм шиг санагддаг

0  |  0
Зочин(202.126.89.117) 2019 оны 12 сарын 26

Тархи угаах биш тархиа угаалгаж хэвшсэн комунист дадал маань бидэнд маш их гай болж байна. Бид мэдээллийг нэг л эх үүсвэрээс аваад хэвшчихсэн. Ардын нам засаг маань заасан л бол хууль. Монголын үндэсний тв-р гасан болгон үнэн. Аав ээж сургасан бол түүгээр л явах хэрэгтэй. Багшийн үгнээс зѳрѳѳд дэмий. Хамаатнууд тэгэж ойлгочихвий. Амьтан хүн муу хэлэхвий. Сумаар нэг домог болно. Орос хүн болгон сайн. Хужаа л бол дайснууд. Тэднийг бүгдийг алах хэрэгтэй. Гадны хѳрѳнгѳ оруулагч ѳвѳлжѳѳг чинь л сүйдлэх гэж байгаа юм. Уул уурхайгүйгээр эсгий таавчигаа хийгээд бид баяжчихна. Тэр л их сайн эх оронч хү

1  |  0
Zochin(45.56.183.102) 2019 оны 12 сарын 25

Sain

0  |  0
Zochin(193.37.32.70) 2019 оны 12 сарын 25

Orosiin 49 huvi shuu malaa

0  |  0
Зочин(103.26.193.195) 2019 оны 12 сарын 25

Энэ согтуу хүний хүүхэд одоо болноо.

0  |  0
зочин(202.9.46.34) 2019 оны 12 сарын 26

эрдэнэтийн 49% ийг ард түмнээс булаахад гарын үсэг зурсан гол хүн

2  |  0
mn(202.131.243.186) 2019 оны 12 сарын 25

НӨАТ-ыг 100% буцааж өгөх ёстой. Энэ нь далд эдийн засгийг ил гаргах механизм болохоос ард түмний нуруунд ачаа биш. Барууны орнуудад оны төгсгөлд 100% буцаан олгогддог. Юун сугалаа нтр. Манайх л гуйвуулаад байгаа. Гэхдээ мундаг залуу юм. Ярилцлага нь таалагдлаа.

0  |  0
Ганаа(193.37.32.70) 2019 оны 12 сарын 25

Дэмжинэ

0  |  0
hi(139.5.219.43) 2019 оны 12 сарын 25

16 оны сонгуулийн дараа ДОЛЛАРын ханш хэд байж байгаад хэд боллоо. Энэ нөхөр бүрэн ХАРИУЦЛАГА хүлээх ёстой. Нэр дэвших гээд байгаа юм байх даа.

0  |  0
Дорж(202.126.89.76) 2019 оны 12 сарын 25

Төрд ийм залуус их үгүйлэгдэж байна даа

0  |  0
zochin(122.201.26.172) 2019 оны 12 сарын 25

zov setgelgee, yarahgui baina da.

0  |  0
Баатар(85.203.13.84) 2019 оны 12 сарын 25

Зөв хүн бна

0  |  0
Zochin(202.55.188.42) 2019 оны 12 сарын 25

Мундаг залуу

0  |  0
Zorigoo(202.126.89.212) 2019 оны 12 сарын 25

demjih yostoi khumuusiin neg dee

0  |  0
Top