УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2020.01.08/-ийн нэгдсэн хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
-хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;
-биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
-мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
-илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;
-аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;
-гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;
-мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;
-Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдвээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;
-энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;
-ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;
-хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;
-шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;
-зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;
-эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг зохицуулах;
-Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны харьяаллыг өөрчлөх.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;
-тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний эрх, үүргийг тодорхой болгох;
-хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыгтүүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах зэрэг асуудлыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 2 )
shaa sha sdaa
shaa sha sdaa