Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ сэргээн шалгана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2020.01.08/-ийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар тодруулга хийлээ. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактад, 2005 онд Авлигын эсрэг конвенцид тус тус нэгдэж орсон байдаг. Авлигын эсрэг конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Энэ хүрээнд 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд яг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хууль тогтоогч хууль гаргаж, сэргээн шалгахаар төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарлалаа. Энэ хүрээнд өөрийнхөө гэм бурууг шүүхээр шийдүүлэлгүй, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийн тухайд, нөгөө нь шүүхээр гэм буруугаа тогтоолгосон этгээд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдол зэргийг ялгамжтай авч үзэх шаардлага бий гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан. Энэхүү төслийн хүрээнд процессын хэм хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөж буйг тайлбарлаж байв.

Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 01 сарын 09

маш зөв авилга авч улсын хөрөнгө хулгайлсан хулгайч луйварчид өнөөдөр хулгайн хөрөнгөөрөө баян тансаг амьдарч гадаадаар зугаалсан шигээ явж бн

0  |  0
tuys(122.201.31.159) 2020 оны 01 сарын 08

ene UIX deer demjigdeed batlagdaasai daa

0  |  0
Zochin(182.160.37.120) 2020 оны 01 сарын 08

Mash zov shiidver baina. Odoo ene hoon heleltseh hugatsaa orshooliin tuhai huulia bolih heregtei

1  |  0
Top