Тайванийн Ерөнхийлөгч дахин сонгогдлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн өнгөрсөн бямба гарагт /2020.01.11/ болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дахин сонгогдлоо.

“Өнөөдөр бид ардчилал, эрх чөлөөгөө хамгаалж чадлаа” гэж 63 настай Цай түүний Ардчилсан дэвшилтэт намын байрны гадаа баяр хүргэхээр цугларсан олонд хандан хэлжээ. “Өнөөдөр Бээжингийн эрх баригчдад энх тайван, тэгш байдал, ардчилал болон яриа хэлэлцээ нь тогтвортой байдлыг хангах гол түлхүүр гэдгийг дахин сануулмаар байна. Бээжингийн эрх баригчдад хандан ардчилсан Тайвань, ардчилсан замаар сонгогдсон түүний засгийн газар аливаа заналхийлэлд бууж өгөхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна” гэж Цай онцолжээ.

Санал хураалтын албан ёсны дүнгээс үзвэл, Цай 57 хувийн буюу 8.2 сая хүний санал авсан бол түүний өрсөлдөгч Хан Куо-ю 39 хувийн саналаар ялагджээ.

Цай Ин Вэний ийн үг хэлсний дараа Бээжингийн зүгээс Тайванийн аливаа салан тусгаарлах оролдлогыг эсэргүүцэх болно гэж хариу мэдэгджээ. Бээжин “Нэг улс, хоёр систем“ зарчмыг үргэлж дэмжин баримталж ирсэн бөгөөд эх орноо энх тайван замаар нэгтгэх явцыг урагшлуулах, найрсаг харилцааг хөгжүүлэх үүднээс эх орон нэгт тайванчуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Орон нутгийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам арлын парламентын 113 суудлын 61 суудлыг авсан бол Гоминьдан нам 38 суудал авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top