ӨНЦӨГ: Цагаан сараар ХҮҮХЭД БИТГИЙ ҮНСЭЭРЭЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Бямбаа нямд шилжих хоногт коронавирусний 2766 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа.

Ялангуяа, хүүхдийн өвчлөл эрс нэмэгдлээ. Өмнөх альфа болон дельта хувилбарын үед таван хүн дутмын нэг буюу ойролцоогоор 19-20 хувь нь хүүхдүүд байдаг байсан бол "Омикрон" шинэ хувилбарын хувьд энэ тоо 21,7 хувь болсон талаар өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 

Тодруулбал, нийт өвчлөлийг насны бүлгээр нь харьцуулж харвал 0-4 насны хүүхдүүд 26.6 хувь, 5-11 насны хүүхэд 46.3 хувь нийлээд 73 хувьтай байна. 0-11 насны хүүхдүүд бол ковидын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй бүлэг. Энэ бүлэгт өвчлөлд өртөх магадлал өндөр байгааг харж болно. 

"Омикрон"-ы давалгаатай зэрэгцээд томуу, томуу төст өвчны улирлын дэгдэлтийн үе яг энэ өдрүүдэд тохиож байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр томуу төст өвчнийг үүсгэгч таван төрлийн вирус орчилд орсон бол хоёр долоо хоногийн өмнөөс эхлээд томуугийн А хүрээний N3H2 вирус тодорхойлогджээ.

ОХУ-ын дархлаа судлаач Николай Крючков ковидын “Омикрон” хувилбарын халдвар авсан хүүхдийн биеэ авч явах байдалд нь өөрчлөлт ордог талаар ярьсан нь бий. Хүүхэд коронавирусний “Омикрон” хувилбараар өвчилсний эхний шинж тэмдэг нь залхуу хойрго болж, асуултад хариулахдаа удах, мөн тоглох хүсэлгүй, хоол унданд дургүй болдог аж. Эдгээр нь хүүхэд “Омикрон”-ы халдвар авсны эхний шинж тэмдэг гэнэ. Дархлаа судлаач “Вечерняя Москва”-д ярихдаа “Хүүхэд “Омикрон” омгоор өвчилсөн бол ходоод гэдэсний замын өвчлөл дагалдана” гэдгийг судлаач олон улсын мэдээнд онцолсон байв. 

"Омикрон" хувилбар энэчлэн хүүхдүүдэд маш аюултай нөлөөлж байгааг дотоод, гадаадын судлаачдын мэдээлэл, бодит байдлаас харж болно. 

Тиймээс удахгүй болох цагаан сараар гэр бүлийн хүрээнд гэж ах дүү, айл сахалтаар хэсэлгүй, гэр гэртээ цагаан сараа ёслохыг Эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгааг дор дороо бодох хэрэгтэй биз ээ.

Золголоо, айлд зочиллоо гэхэд томчууд нь хүүхдэд ойртохгүй, хүүхэд үнсэхгүй баймаар байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top