БНХАУ-ын Үндэсний эрүүлийг хамгаалах хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр титэмт вирус буюу коронавирусээр үүсгэгдсэн халдвараас шалтгаалан 25 хүн нас барсан гэж мэдээллээ. Тодруулбал Хубэй мужид 24 хүн, Хэбэй мужид нэг хүн нас барж, 830 тохиолдол бүртгэгдээд байна.
Хубэй мужид өвчлөлийн тохиолдол, нас барагсдын тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалан тус мужийн Ухань, Хуанганг, Эжоу, Чиби, Шаньтао, Чаньжань, Зижань, Личуань зэрэг найман хотод хөл хорио тогтоожээ.
Одоогоор БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна Япон улсад дахин нэг тохиолдол, Вьетнам, Сингапур улсад тус бүр шинээр бүртгэгджээ. Харин АНУ-ын Техас мужид хоёр оюутанд сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлан шинжилж байгаа аж. Саудын Араб улсад олон улсын эрүүл мэндийн хуралд суухаар ирсэн Энэтхэгийн эмчээс сэжигтэй тохиолдол илэрсэн ч коронавирус биш гэдгийг Саудын засаг захиргаанаас мэдээлжээ. Канадад 20 гаруй хүнээс сэжигтэй тохиолдол илэрч тэднийг түр тусгаарлан нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )