Ө.Энхтүвшин: 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.02.19) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй  эхэлж, нийт дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний” талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Улсын онцгой комиссын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсад 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт “COVID-19” вирусийн халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан гэсэн өгүүлэмжтэй, сэжигтэй тохиолдол бүхий нийт 174 иргэнийг тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон. 

Мөн Засгийн газрын “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 30 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яаманд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэх зардалд 4.3 тэрбум төгрөг, Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1.2 тэрбум төгрөг, нийт 5.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгсэл болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийсэн,  Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолоор Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хааж, БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2  дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд  авто замын  Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр улсын хил нэвтрүүлсэн энэ хугацаанд БНХАУ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилээр 6606 тээврийн хэрэгсэл, 17108 зорчигч нэвтрүүлсэн бөгөөд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй гэсэн юм.  

БНХАУ-ын Ухань хотод суралцаж амьдардаг Монгол Улсын 31 (үүнд 1 хүүхэд) иргэнийг 2 дугаар сарын 1-ний өдөр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр татан гаргаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 14 хоног тусгаарлан, вирус судлалын шинжилгээг 2 удаа хийхэд коронавирус илрээгүй болно.  БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын 104 иргэнийг “Замын-Үүд” боомтоор 2 дугаар сарын 15-ны өдөр татан авч Замын-Үүд сумын 3 зочид буудалд 103 иргэнийг, коронавирусийн сэжигтэй байж болзошгүй 1 иргэнийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тусгаарлан хяналт тавьж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 заасныг тус тус үндэслэн БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын  30-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ гэж мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top