Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2020.03.02/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял онооллоо.
Тодруулбал, шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 18 сая төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 13.5 сая төгрөгийн торгуулийн ял оноосон байна. Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос таван сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )