Турк - Москва - Улаанбаатарын онгоцоор ирсэн 16 хүнийг тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын  нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. (2020.03.03)

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа  "АНУ-д дахин дөрвөн хүн нас барлаа. Нас барсан дөрвөн хүн өндөр настай болон хорт хавдартай хүмүүсийг асардаг асрамжийн газарт амьдарч байсан. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарласан. Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдварын голомтод гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, халдвар гарсан 12 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар мэдээлж байна" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 435 иргэн ажиглалтад байна. Турк - Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 111 зорчигч ирсэн. Эдгээр хүмүүсээс 16 хүнийг тусгаарлалтад авсан. Турк - Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч буусан. Үзлэг, хяналт шинжилгээ үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар долоон хүнийг ажиглалт, тусгаарлалтад авахаар болоод байна. Мөн Эрхүү - Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 21 хүнд ажиглалт хийж байна. ДЭМБ-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Зөвлөхүүдтэй цахим уулзалт хийсэн. Халдвараас сэргийлэх чиглэлд зөвлөмж авч ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top