"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №15 дугаараас онцолж байна
“MODE”-тэй цахимаар “нөхөрлөсөн” минь жил гаруйхны өмнө. Сонгодог хэв маягийг илэрхийлсэн шинэлэг загвар бүрийг нь фэйсбүүк хуудсаас нь харах дуртай би вээр ажил мэргэжлийн онцлогоор тэднийг зорин очих завшаан тохиолоо. “MODE” урланг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Н.Оюун-Эрдэнэ хэмээх залуухан бүсгүйтэй ярилцаж суухад “Мэргэжилдээ дуртай хүн ийм л байдаг байх” гэх бодол төрж байсан билээ. Түүний загварын ертөнц рүү “урвасан” түүх нэн сонирхолтой. Тэр багын л загварт дуртай охин байв. Тавдугаар ангид байхдаа л “Ирээдүйд хувцас загвар зохион бүтээгч болно” гэдэг байсан ч сэхээтэн аав ээж нь охиноо ахлах сургууль төгсөхөд нь ШУТИС-ийн япон хэлний ангид оруулсан байна. Дөрвөн жил суралцсан мэргэжлээ нэг л өдөр сольж “Урлах Эрдэм” дээд сургуулийн загвар зохион бүтээгчийн ангид элсэн оржээ. Хань нь түүнийг дэмжиж “Үнэхээр хүсэж байгаа бол загвар зохион бүтээгч бол, дахин суралц” гэсэн нь дизайнер бүсгүйд урам зориг нэмсэн гэдэг. Ханиа л зөв сонго, бусад нь аяндаа бүтнэ гэдэг үг бий. Тэдний хамтдаа гаргасан зөв шийдвэр өнөөгийн зөв зүгийг зааж өгсөн биз ээ. 2009 оноос эхлэн арван жил хувцас загварын салбарт ажиллаж, өнөөдрийн “MODE” хувцас загварын урланг үүсгэн байгуулсан Н.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг танд хүргэе.
-Загвар зохион бүтээгчээр суралцахаар шийдсэнийхээ дараа юу бодож байв гэдгээс яриагаа эхэлье?
-Миний хувьд чин зүрхний угаас хүсэж мөрөөдөж байсан мэргэжил маань учир “Хугацаа алдлаа, яаж сурна даа” гэж бодоогүй. Энд л өөрийгөө олж, мөрөөдөлдөө, мэргэжилдээ илүү ихээр дурлан, хийж бүтээхийн хүсэл тэмүүллээр цэнэглэгдсэн дээ /инээв/.
-Хувцас загварт яагаад ингэтлээ дурлах болов оо?
-Хүнд анхнаасаа өгөгдөл байдаг гэдэгт би итгэдэг. Миний эмээ, ээж хоёр маш мэдрэмжтэй, уран хүмүүс. Ээж удирдах албан тушаал хашдаг, дипломатч эмэгтэй байсан ч тухайн үеийн “Бурда моден” сэтгүүлээс загвар хараад хувцас оёж, цамц нэхээд суудаг байсан. Хоёр эгчийн загварлаг, хээнцэр хувцасласан зургууд одоо ч манай альбомд бий. Тэр бүхнийг харж өссөн хүүхэд далд ухамсартаа мэдрэмж, өгөгдөл авсан байх. Тэр нь л хувцас загварт дурлуулсан юм болов уу.
-Анхны загварын зураг нь юуных байв. Одоо танд бий юу?
-Байгаа. Нэг хүний дүрс, түүн дээрээ төрөл бүрийн хувцас өмсүүлээд зурсан маш олон зураг бий. Шийдлийг нь одоо харахад их хөөрхөн, аятайхан.
-Бизнесийн эхлэлээ яаж тавьж байв?
-Энэ бол миний дурлаж хийдэг ажил. Анх хоёр оёдлын машин аваад подвалд ажиллаж эхэлсэн. Хүмүүс юу л оёулах гэж орж ирнэ, тэр бүгдийг нь хийж өгөхийг хичээнэ. Өөрөө загвараа гаргаж офис даашинз оёж, хадам ээж маань ажлын газрын бүсгүйчүүддээ зарж өгдөг байсан юм (инээв). Миний оёсон даашинзууд их таалагдсан гэдэг байлаа. Захиалга нэмэгдэх тусам урам авна. Миний ажлын туршлага ингэж л эхэлсэн түүхтэй. Тэр үед цаашид юу хийхээ төлөвлөж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу явж чадсан учраас л өнөөдрийг хүрсэн.
Би загвар зохион бүтээгчээр төгсөөд “Ерөөсөө тэйлорын үйлчилгээ л үзүүлэх ёстой юм байна” гэдгээ ойлгосон юм. “Хүний биеэс хэмжээ авч захиалгаар хувцас хийх нь надад илүү их зүйлийг сургана. Ингэж байж би энэ мэргэжлийнхээ нарийн нандин, гоё сайхныг мэдрэх юм байна” гэж бодсон.
-Хэр удаан ингэж ажилласан бэ?
-“Урлах эрдэм”-д сурч байхдаа ээж болж, хүүгээ гурван нас хүртэл подвалд ажилласан. Хань маань Японд докторантурт суралцах болж, хамаг оёдлын эд зүйл, орон сууцаа зараад явсан ч, 2011 оны алдарт цунами болж, бид хамаг юмаа орхиод буцаж ирсэн. Манай хүн, хадам аав, ээж бүгд эмч хүмүүс. Тийм учраас цацраг идэвхийн хор уршгийн талаар сайн мэддэг учир “Хүүхдүүд минь, наанаа байгаад хэрэггүй ээ” гээд дуудсан...
-Дараагийн ажил нь..?
-Японоос ирээд “Mon Couture” гэдэг хувцас захиалгын газарт ажилд орсон. Тухайн үед хувцас захиалгын газар цөөн байлаа. Тоотой хэдхэн дизайнертай. Тэд хувьдаа ажил эхлүүлж амжаагүй байсан үе. “Mon Couture” захиалгаар хувцас хийдэг, нэрийн хоёр дэлгүүртэй байсан. Тэнд дизайнераар ажиллаж байхдаа би маш их туршлага хуримтлуулж, цаашид ингэж ажиллаж болох юм байна гэдэг урам авсан даа. Удалгүй “Mon Couture” татан буугдахад тэнд ажиллаж байсан оёдолчин охинтойгоо хамтраад “Yuki” урлангаа байгуулсан. “Би чадахгүй, манайх үүнийг хийдэггүй” гэж нэг ч үйлчлүүлэгчдээ хэлж үзээгүй. Үүнийхээ ачаар өдий зэрэгтэй ажиллаж, үйлчлүүлэгчидтэй болсон байх. “Yuki” салоноо хоёр жил гаруй ажиллуулсан. Энэ хугацаанд охинтой болж, аргагүй шалтгааны улмаас салоноо хааж байсан юм. Үйлчлүүлэгчид маань над руу залгаад “Танайх ажиллахаа больсон юм уу, би одоо хаана хандах вэ, чамд холбож өгөх хүн байна уу” гэнэ. Үйлчлүүлэгчдээ алдаж байгаа мэдрэмж төрөх их хэцүү, бие давхар байсныг ч хэлэх үү... Охиноо төрүүлээд ой 8 сар болсны дараа 2015 онд “MODE” урлангаа нээсэн дээ.
-Yuki-д үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдээ татаж авч чадсан уу?
-Бүгд рүү нь холбогдоод “Би урлан нээсэн. Ажиллаж байгаа шүү” гэж мэдэгдсэн. Яваандаа захиалга өгөх хүмүүс ч олширсон. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйлчлүүлэгчидтэй л байсаар ирж. Би ер MODE-г нээснээсээ хойш нэг ч удаа реклам хийгээгүй, хийх ч шаардлага гараагүй.
-Яагаад?
-Гол зорилго маань хувь хүнд зориулсан тэйлорын үйлчилгээ. Тэр нь ямар үнэ цэнэтэй, яаж хийгддэг болохыг нь хүмүүст ойлгуулж, үнэлүүлж хүндлүүлэхийн төлөө би явж байгаа. Харин одоо үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэлгүүрээ нээх хэрэгтэй болж байна. Дизайнераар арван жил ажилласан хүн чинь зайлшгүй шоугаа зохион байгуулах хэрэгтэй гэх мэтээр цаг хугацааны дарааллынхаа дагуу явж байна.
-Таны баримталдаг гол зарчим юу вэ?
-Миний баримталдаг зарчим “Чанар нэгдүгээрт”. Чин сэтгэлээ зориулаад чанартай хийсэн хувцас тухайн үйлчлүүлэгчид сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хүн цаашаа хэдэн хүнд сэтгэл ханамжтай сайхан мэдрэмжээ хуваалцана, тэр хэмжээгээр үйлчлүүлэгч нэмэгддэг. Өдийг хүртэл миний хийж ирсэн маркетинг энэ л байх.
-Мэргэжлийн тань хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Би дурлаад хувцас хийхээрээ орчлонгоос тасардаг. Эргээд харахад түүнээсээ маш их эрч хүч авсан байдаг юм. Тийм ч учраас би мэргэжилдээ хайртай. Хувцас бол урлаг юм. Хэдий материаллаг зүйл боловч хүнд гоо зүйн таашаал, мэдрэмжийг өгч байдаг. Тийм учраас би өөрийгөө урлагийн хүн гэж боддог. Уран бүтээлч хүнд онгод гэж бий гэдэг.
-Урлан бүтээгч таны хувьд онгод хэдийд яаж төрөх вэ?
-Онгод гэдгийг мэргэжил бүрээс шалтгаалж өөр өөрөөр тайлбарлах байх. Миний хувьд онгодоороо хувцсаа урладаг. Онгод надад төрснөөр тэр хувцсыг маш хурдан хугацаанд, донж зохилдолгоог нь олж, нэг мэдэхэд л дуусгасан байдаг. Түүнийгээ би миний онгодоор бүтсэн хувцас гэж боддог. Нэгдүгээрт, орчин маш чухал учраас цэгцтэй, тухтай орчныг бий болгохыг хичээдэг. Хоёрдугаарт, өөрт маш их сэтгэгдэл төрүүлж, нэгийг бодогдуулдаг хөгжим сонсдог. Анхаарлаа төвлөрүүлээд хувцсаа хийж байхад миний онгод аль эрт орсон байдаг. Дуу аялаад, доороо бүжиглээд, маш их аз жаргалыг мэдэрдэг. Хийж дуусаад эргээд харахад, заримдаа “Өө, би энийг ингээд хийчихсэн юм уу” гэх бодол ч төрнө...
-Та ажлаа багаас эхэлсэн гэж ярьсан. Тэгвэл тэйлор болох шат руугаа ахихын тулд тодорхой нэг зүйлийг барьж авах хэрэгтэй болсон байх. Ямар хувцас урлаж байгаа вэ?
-Би урласан хувцсаараа хүчирхэг, өөртөө итгэлтэй, халдашгүй эрхэмсэг эмэгтэйчүүдийг бий болгохыг хүсдэг. Тэр ч утгаараа ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан Custom Tailor үйлчилгээг санал болгодог. Яг өөрийнх нь биед тохирсон хослол, пальто зэрэг хувцсыг хүсэл сонирхолд нь тохируулж хийж өгдөг. Энэ бол асар үнэ цэнэтэй зүйл. Хүн өөртөө зориулж хувцас хийлгээд таашаалтайгаар өмсөж, өөрийгөө бүрэн илэрхийлнэ гэдэг бол соёл, мөн тухайн хүнийг илэрхийлж буй нэг зэвсэг гэж нэрлэж болно. Хоёрдугаарт, Haute couture шийдэлтэй даашинз болоод Bespoke хослолууд хийдэг. Залуусын гоёлын хослолыг яг өөрт нь зориулж хийхийг зорьдог. Манай залуус бодибилдингээр хичээллээд цээжээрээ өргөн, булчинлаг болсон. Баргийн хувцас таарахгүй. Тэгэхээр биеийнх нь хамаг сайхныг илэрхийлсэн хослол хийх шаардлага гарч байна. Улаан хивсний ёслолд зориулсан хувцас ч бид урладаг. Иймэрхүү ёслолууд ерөнхий нэг дүрэм, кодтой байдаг нь “Өөртөө зориулсан хувцас өмсөх” соёл юм. Монголд энэ соёл нэвтэрч байна.
Миний гол зорилго бол тухайн хүн тэр ёслол дээр өөрийгөө яаж илэрхийлж, ямар харагдмаар байгааг нь ойлгон тусалж, өөрийнх нь биед төгс суусан хувцсыг хийж өгөх явдал юм. Тэгэхээр загварын чиг хандлага, трендийг хуйлран дагах нь чухал биш.
-Хамгийн гол нь өөрт тохирсон хувцсаа өмсөж, өөрийгөө тодорхойлно гэсэн үг үү?
-Өөрийгөө илэрхийлсэн хувцас маш чухал. Тренд дагаж хувцасладаг хүмүүс ч байна. Гэхдээ тренд шингэсэн, чамайг илэрхийлэх хувцсыг чи өмсөх хэрэгтэй. Хувцас бол нэгдүгээрт, хүнийг илэрхийлэх зэвсэг, хоёрдугаарт, хэрэглээ. Миний гол зарчим бол хүний биед эвтэйхэн, тэр хүнийг төгс илэрхийлэхээр хувцас хийх. Үүнд зорьсоор л өдийг хүрлээ...
-Загвар зохион бүтээгчийн хувьд монголчуудынхаа загварын мэдрэмжийг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?
-Загварын ертөнц бол мэдрэмж асар өндөртэй. Маш мундаг дизайнерууд олон сайхан хувцас хийж байна. Харин массын хувьд тодорхой хүрээлэлд л загварын талаар мэддэг болохоос бусад нь мэдэхгүй, мэдэрдэггүй хэвээрээ л байх шиг...
-Монгол дээлийг янз бүрийн загварт оруулж урлаад, загварын дээл гэж нэрлэх болсон. Үндэсний хувцсаа ингэж өөрчлөх нь хэр зөв юм бэ?
-Миний баримталдаг бас нэг зарчим бол дээлийг дээлээр нь л байлгах дуртай. Уламжлалт эсгүүр хийцээрээ хийгдэж байж үнэ цэнэ нь хадгалагдана.
-Таны урланд жижиг чамин чимэглэлтэй, нарийн нугалаа хуниастай, мөр нь ил гарсан зэрэг өвөрмөц шийдэлтэй хувцас их харагдах юм аа?
-Haute couture шийдэлтэй гэж үү? Үүнийг гоёлын даашинз дээр ихэвчлэн ярина л даа. Гоёлын даашинз дээр даавуугаар тоглолт хийх дуртай. Муляжный аргаар даавууг хуньж, нэмж, хэлбэр силуэт гаргаж хийх дуртай.
-Материалаа хэрхэн сонгодог вэ?
-Дизайнер бүрт материал сонгох нүд гэж байх ёстой. Монголд 2011 онтой харьцуулахад сайн материалууд орж ирдэг болсон. Хэрхэн мэдэрч авах нь тухайн дизайнерын мэдрэмжийн асуудал. Миний хувьд ихэвчлэн натурал, байгалийн орц давамгайлсан даавууг худалдан авдаг. Материалаа барьж үзээд л орцыг нь мэддэг. Мөн гадагшаа явах бүртээ дэлгүүр, захаар орж материал авчирна. Одоо цуглуулга шиг, багахан дэлгүүр нээж болох хэмжээнд даавуунуудтай болсон (харуулав). Би масст зориулж хувцас хийдэггүй учир, надад тэр материал дээд тал нь 20 метр л хэрэгтэй. Нэг материалаар 4-5 хувцас хийнэ.
-Урландаа хэр олон цаг ажиллаж байна. Шантрах тохиолдол байдаг уу?
-Заримдаа маш их ядарна. Шантрах тохиолдол бий... Гэхдээ шантраад байх юм бол хүн хол явахгүй. Би одоо өөрийгөө болчихлоо гэж харахгүй байна. 10 жилийн дараа үүнээсээ илүү хөгжөөд, сэтгэлгээ маань тэлээд, тэр үед надаас ямар уран бүтээл гарах бол гэдгийг өнөөдөр би тэсэн ядан хүлээж сууна. Одоо хийснээ хараад голоод л сууж байх болов уу.
-Хамт олныхоо тухай жаахан дэлгэрүүлбэл...?
-Миний хамт олон маш чадварлаг, сэтгэлтэй хүмүүс. Ийм хамт олныг бүрдүүлж чадсан би үнэхээр азтай. Эд маань бүгд мастер оёдолчид, дандаа эгч нар...
-Мастеруудынхаа залгамж халааг бэлдэхэд урланг удирдаж яваа хүний анхаарал хандуулж байгаа биз дээ?
-Компанийн хүний нөөцийн бодлого гэж бий. Тиймээс бид залгамж халааг зайлшгүй бэлдэх ёстой. Манай хамт олон дунд залуу охид ч бий.
Залуу хүмүүсийн хандлагыг л голлон хардаг. Хандлага нь надтай болоод хамт олонтой минь зохицож байна уу гэдэг их чухал.
-Үйлчлүүлэгчдийн тань дунд гадныхан байдаг байх. Тэд таны хувцсыг өмсөөд дэлхийн хувцас загварын хотуудаар явж л байгаа даа?
- Гадны компанийн ажилтнууд, тэнд ажиллахаар ирсэн удирдлагуудын эхнэрүүд манайхаар үйлчлүүлдэг. Миний хийсэн хувцсыг гадаадад өмсөөд, зургаа явуулахад нь би үнэхээр их бахархаж, баярлаж байсан.
-Таныг хүмүүс яаж олж ирдэг гэсэн үг вэ?
-“Энд ийм сайн дизайнер байдаг” гэсэн олны яриан дээрээс намайг мэдэж ирж байгаа болохоос ямар нэгэн реклам сурталчилгаа харж над дээр ирсэн тохиолдол үгүй.
-Таныг зориод ирж байгаа олон янзын ааш араншинтай хүнтэй ажиллахын тулд сэтгэл зүйчийн хэмжээнд л очно биз?
-Би өөрийгөө маш их бясалгадаг хүн гэж хэлнэ. Эсгүүр бол бясалгалын том хичээл юм. Хажууд хүн юм ярьж л байдаг, би бүгдийг таслаад эсгүүрээ хийдэг. Ямар хүнд, ямар хувцас эсгэх гэж байгаагаа бодно. Тэр нь надад бясалгаж байгаа юм шиг санагддаг. Би өөртэйгөө ярьж мэдрэмжээ чагнах дуртай.Энэ маань надад олон хүнтэй харьцахад тус болдог юм болов уу даа.
-Дотоод хүнтэйгээ ярилцаж байхад санал зөрөлдөх зүйл гарах уу?
-Өнөөдөр нэг загвар гаргачихаад маргааш өглөө нь урландаа ороод ирэхэд сонин харагдах үе байна. Задлаад л дахин шинээр эхэлнэ. Энэ чинь зөрчилдөж байгаагийн нэг хэлбэр. Ийм тохиолдолд оёдолчдод маш хэцүү. Оёулчихаад “Уучлаарай, одоо наадахаа ханзалчих аа. Тэгээд яг ингээд оёчих...” гээд л гуйна шүү дээ (инээв).
-Өнөөдрийн “MODE” брэнд мөн үү?
-Миний хийсэн бүтээл үйлчлүүлэгчдэд маань брэнд чанарыг мэдрүүлж чадаж байгаа бол би туйлын их баярлана. Брэнд гэдэг бол том ойлголт.
“MODE” энэ чигээрээ хэдэн арван жил тасралтгүй үргэлжлээд дэлхийд гарч, магадгүй миний хүүхэд уламжлаад үндсэн философийг нь гажуудуулахгүй аваад явж байгаа цагт тэр өөрөө брэнд юм.
“MODE” брэнд болохын төлөө шат шатаар ахиад явж байна. Одоогоор “MODE” урлан нь брэндийн чанарыг үйлчлүүлэгчдэдээ санал болгохыг хичээн ажиллаж байгаа.
- “MODE” нэрийн учир юу юм бэ?
-Манай гэр бүлийн гишүүдийн нэрний эхний үсгүүд. Мишээл, Оюука, Дөлгөөн, Эрдэмээ гэсэн дөрвөн хүн. Германаар “Fashion” гэсэн үг. Лого маань аз жаргалын бэлгэдэл.
-Гэр бүл, үр хүүхэд тань “MODE”-гийн бүтээгдэхүүнийг л өмсдөг болсон байх даа?
- Өдөр бүр хүмүүст шинэ хувцас хийж өгч, түүнээсээ сэтгэл ханамж аваад байхаар хувцасны шуналгүй болчихдог юм байна. “За за, энийг өөрөө хийгээд өмсчих юм чинь” гээд тоохгүй. Тэгж бодсон хэрнээ хийж өмсөх зав гарахгүй. Загасчны морь усгүй гэдэг шиг л... (инээв) Хүүхдүүд маань “Ээж, ийм хувцас хийж өгөөрэй” гэдэг болсон. Бүр захиална. Тэр нь манай урлангийн “Чи юу хүсэж байна, түүнийг нь бид хийж өгье” гэдэг зарчимтай нийцдэг.
-Загварт багаасаа дурласан хүний хувьд охиноосоо тэр дүрээ олж харах юм уу?
-Охиноо төрөхөд л би “Миний өв залгамжлагч байгаасай” гэж чин сэтгэлээсээ хүссэн. Нэг насны төрсөн өдрийнх нь тортыг утас зүүтэй, манекенд хөөрхөн цагаан даашинз өмсүүлснээр захиалж хийлгэж байсан. Манай найзууд “Арай болохгүй юм биш үү” гэж байлаа. Гэхдээ би өөрөө ээжийнхээ дэргэд, хийж бүтээхийг нь харсаар байгаад далд ухамсартаа энэ мэргэжилд дурлаад, мэдрэмж маань хөгжсөнтэй адил миний охин ч гэсэн багаасаа тэр мэдрэмж нь хөгжөөд, хөглөгдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Алим модноосоо хол унадаггүйтэй адил, философи нь хол зөрөхгүй байх гэж найдаж байна.
- Таны урлан бүтээж байгааг харж өсөх болохоор яахын аргагүй дурлах байх л даа?
-Миний хувьд гэртээ ээж, эхнэр л байх ёстой гэж үздэг. Тиймээс би өөрийгөө хоёр хуваадаг гэж болно. Ажил дээр ч бас адил. Эсгүүрээ хийж, өдөр тутмын хувцсуудаа урлаж байхдаа нэг хүн. Харин уран бүтээл, коллекц хийж байхдаа нөгөө хүн рүүгээ орчихдог. Ажлынхандаа “За би нөгөө хүн рүүгээ орлоо шүү. Юм асуувал хариулахгүй байх шүү” гэхээр манай хэд аль хэдийн намайг ойлгосон байдаг (инээв). Өөрийгөө тэгж цагаар хуваадаг. Үдээс өмнө захиалагчдынхаа хувцсыг нь эсгээд, үдээс хойш нь нөгөө хүн рүүгээ шилжихгүй бол үнэхээр амждаггүй.
-“MODE” хувцас загварын урлангийн алсын харааг сонирхвол?
-Чанараа алдалгүй, чин сэтгэлээсээ үйлчилж “MODE” брэндийг бий болгох. Гадны загварын шоунуудад оролцдог, эх орноо төлөөлөн Монголын брэнд гэж нэрлэгдэж явахыг зорьж байна даа.
-Зорьсондоо заавал хүрээрэй.
-Баярлалаа.
Ярилцсан О.Шинэтуяа
"Зиндаа" сэтгүүлийн №15 дугаарт нийтлэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )