ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг уран олборлолтын үйл ажиллагаанаас үүдэн гарч буй хор хөнөөлийн асуудлыг хөндөн ярилцлаа.
Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн, судлаач Я.Хундаганаа, “Их, Бага, Баян шарга” ТББ-ын тэргүүн, судлаач Л.Бор, “Босоо Хөх Монгол” ТББ-ын дэд тэргүүн Д.Чойпүрэв нар оролцлоо.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин өрхүүд ураны хайгуул, туршилтын олборлолт хийсэн “Арева” компанийн үйл ажиллагаанаас болж мал нь хордож, олон тоогоор хорогдож байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа олон жилийн өмнө гарч байсныг уншигчид санаж буй биз ээ.
Тэгвэл тэрхүү нөхцөл байдлын голомт, ураны аюул занал хэвээрээ байна гэсэн мэдээллийг нэвтрүүлэгт оролцогчид өгч байлаа.
“Экологийн цаг” нэвтрүүлэг урантай холбоотой асуудлаар нэг удаагийн нэвтрүүлэг хийгээд өнгөрөх биш асуудлыг, үүсээд буй нөхцөл байдлыг ил тодоор олон нийтэд мэдээлэхийг зорьж буй гэдгийг сэтгүүлч Х.Мандахбаяр нэвтрүүлгийн эхэнд онцоллоо.
“Босоо Хөх Монгол” ТББ-ын дэд тэргүүн Д.Чойпүрэв “Манай Төрийн бус байгууллага 2012 оноос эхэлж тухайн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн байдаг. Анх малчин н.Норсүрэнгийн есөн бяруу учир битүүлгээр, хордолтын байдалтай үхлээ гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж байв. Тэрнээс өмнө Бор эгч, Хундаганаа ах, Энхбаяр ах, Буянт ах маань гээд олон хүмүүс энэ асуудлаар явсан. Үнэн бодит нөхцөл байдлыг тодорхойлж, шийдвэрлүүлэх гэж арав гаруй жилийн турш өнөөдрийг хүртэл ёстой нэг зүдэрч байх шиг байна даа. Өнөөдрийн байдлаар зургаа дахь хавтаст хэрэг боогдож байгаа. Бид 2018 оны нэгдүгээр сард захиргааны хэрэг үүсгэх гэж хөөцөлдсөн. 2018 оны долоодугаар сарын 24-ний өдөр хавтаст хэрэг нээсэн. “Бадрах Энержи” компани өмнө нь “Кожеговь” гэж нэртэй байсан. Тэр цагаас хойш зургаан хавтаст хэрэг, олон тооны материал, 260 GB гаруй урантай холбоотой хэрэг маргаан, материал бүрдсэн байна. Шүүх болон ҮАБЗ-ийн гурван гишүүнд олон тооны баримт, материал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар бүрэн гүйцэд шийдэгдсэнгүй. 20 шахам шүүх хурал боллоо. 14 удаа хойшлогдлоо. Газар байдал дээр дүн шинжилгээ хийлгүүлэх, ажлын хэсэг гаргах тухай хүсэлт өгсөн. Бид 23 хүсэлт гаргаснаас дөрвийг нь л хүлээж авсан.
“Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас болж үндэсний аюулгүй байдал, удмын санд хортой нөлөө үзүүлж байна. Ураны хор хөнөөл нь газар дээрээ малд нөлөөлчихлөө. Одоо хүнд нөлөөлөөд эхэллээ. Судалгаа, баримт байна. Тиймээс хор хөнөөл их байгаа үед захиргааны хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл компанийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлнэ үү гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан гэлээ. “Бадрах Энержи” компани өнөөдрийн байдлаар зургаан сая гаруй ам.долларын хайгуул хийсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд 1.2 тэрбум төгрөг оруулсан гэж байгаа. Үнэндээ бол тэгж зарцуулсан юм байхгүй гэлээ.
“Их, Бага, Баян шарга” ТББ-ын тэргүүн, судлаач Л.Бор өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр цаг уурын мэргэжилтэй бөгөөд хуучин нийгмийн үед цацрагийн шинжилгээ хийх Штабыг удирдаж байсан хүн юм. Тэрбээр хэлэхдээ “Гурвансайхан, Арева зэрэг компаниуд Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль гараагүй байхад орж ирсэн. Стандартын бус хайгуул хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол ерэн хэдэн онд Дундговь аймагт 10 мянган ямаа үхэж байсан. Тэнд байсан малчин хүний нүд нь сохроод бөөн юм болж байсан. Тэрний учрыг олж байгаа ч газар байхгүй, дарагдаж байсан. “Арева”-гийн Монгол дахь охин компани “Бадрах Энержи” гэж нэртэй болчихоод байгаа. Анх “Арева Майнз” нэртэй байсан юм. Ашигт малтмалын тухай хууль 1997 онд гарсан. Цөмийн энергийн тухай хууль 2009 онд гарсан. Тэрнээс өмнө 1990 онд шахуу орж ирсэн компани. Тухайн үеийн дипломат ажилтнууд энэ компанийг оруулж ирсэн байдаг. Хайгуулаа хийж эхэлчихээд хууль гарангуут шинээр бүртгүүлж байгаа юм. Үүний хор уршиг нь тахал шиг шууд үхэхгүй л дээ. Хэдэн үеийн дараа ч гарч магадгүй. Ураны хайгуулын явцад гарч байгаа шавар, усанд альфа, бета, гамма цацраг байдаг. Хайгуул хийхэд ямар ч хор хөнөөлгүй, бид туршилтын олборлолт хийж байгаа гэх мөртлөө гурван мянган кг шар нунтаг олборлочихсон байгаа юм. Та нар очиж үзсэн бол хаягдлынхаа шороог өргөстэй тороор хашчихсан байгаа. Тэр нь ямар аюултай вэ гэхээр хөрсөөр, агаараар тархах аюултай. Би Цөмийн энергийн газрын тэр олон эрдэмтэн мэргэд, энэ компанийн захирлууд гээд дал, наян хүн дээр очиж та нарт үүнээс хамгаалах ямар стандарт байна вэ гэдгийг тодруулж, асууж байгаа гэлээ.
Мөн тэрбээр ураны хүдрийг хөндсөн л эрсдэл үүснэ. Ураны хүдэр рүү хүхрийн хүчил шахахаар бутарч байгаа. Тэрийг 200-300 метрийн гүнээс газрын гүнд сорж авах технологи хөгжөөгүй байна. Гамма цацраг гэдэг бол бетонон ханыг нэвтэлдэг. Альфа цацраг тодорхой хэмжээнд саардаг. Монгол Улсад ураны олборлолт хийх эсэхийг ҮАБЗ-ийн шийдвэр гарч байж хийх ёстой. Гэтэл буурай орнуудыг ашиглаж сурсан компаниуд далимдуулж байна. Ураныг ашиглаж эхлэх үед манай цөмийн физикчид салбартаа ажиллаагүй, наймаанд явсан байж таарсан байх. Мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байх үед л тэр компаниуд орж ирсэн гэв. Мөн ураны цацраг агаараар дамжин амьсгалын замаар орж, хоол боловсруулах эрхтэн, уушги, элэг гэмтээх аюултай. Нүдэнд харагдахгүй, үзэгдэхгүй, аманд амтагдахгүй тодорхой хугацаанд задраад агаар, ус, хөрсөн дэх янз бүрийн элемэнтүүдтэй нэгдэж, хорт бодисыг үүсгэдэг. Зөвхөн мэргэжлийн хүн, мэргэжлийн багажаар цацраг байна уу, үгүй юу гэдгийг л мэднэ. Яваандаа хүний генд нөлөөлдөг. Генийн холбоосуудыг тасалдаг гэж онолын хувьд тайлбарладаг болохыг яриандаа дурдсан юм.
“Гал үндэстэн” холбооны дэд тэргүүн, судлаач Я.Хундаганаа хэлэхдээ “Өнөөдөр аюултай хорт вирус гарсан энэ нөхцөлд ураны асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Бидний арван жил тэмцэж, хор холбогдлыг нь нотлох гэж хичээж байгаа яг тэр Дорноговийн Улаанбадрах суманд халдвар тээгч очсон нь тэнгэрийн гэсгээл юм уу даа гэж бодож байна. Манай “Гал үндэстэн” холбооны гурван бүлгэм 2010 оноос Улаанбадрах сумын иргэдийн хүсэлтээр “Кожеговь” компанийн хайгуул, туршилтын олборлолтоос үүссэн хор хөнөөлийн эсрэг тэмцэж эхэлсэн. Тэмцэх зайлшгүй шаардлага үүссэн байсан. 2011 оны хаврын мал төллөлтөөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын найман айлд гаж төл гарсан. Хүн толгойтой хурга хүртэл гарсан. Иргэдийн хурал нь тогтоол гаргаад Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлаар тэмцсэн. “Кожеговь” компани 2010 оны 12 дугаар сараас 2011 оны зургаан сар хүртэл туршилтын олборлолт явуулсан байдаг юм.
Туршилтын олборлолтоо газар дор уусган баяжуулах арга гэгчийг хэрэглээд гүний ус руу хүхрийн хүчил шахаж, тэр усаар нь ураныг баяжуулж авах технологи хэрэглэсэн байдаг. Шар нунтаг гаргаж авахдаа хортой шавраа ил задгай асгасан. Тэр шавар дээр нь малчин н.Норсүрэнгийн үхэр мал очиж байсан байгаа юм. Тэгээд гэнэт үхсэн.
Иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагын дагуу 2013 оны эхээр Н.Алтанхуягийн Засгийн газар аргагүй эрхэнд Ажлын хэсэг томилсон. Дөчөөд байгууллагын 100 гаруй хүнтэй комисс ажилласан. Үхсэн малыг шинжилсэн Мал эмнэлгийн газрын хамгийн анхны дүгнэлтээр бол цацрагийн болон хүнд металлын ужиг хордолт гэж дүгнэлт гаргасан. Ажлын хэсэг энэ дүгнэлтийг гадаадад шинжлүүлнэ гэж, лабораторийн эрхлэгч н.Ганзориг гэдэг хүнийг БНСУ явуулсан. Тэгээд хоёр сар болсон. Тэр хооронд энд Ажлын хэсэг нь хуралдаж анхны дүгнэлтийг өөрчилсөн. Селени, зэс гэсэн металлууд их хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүнээс болж л үхэр хордсон юм шиг байна гэсэн дүгнэлт хийсэн. Цацрагаас болсон гэсэн дүгнэлтийг хассан, хаягдуулсан.
2013 онд иргэний нийгмийн байгууллагууд одоо энэ “Босоо Хөх Монгол”-ын ахмад үеийн төлөөллүүд болон манай “Гал үндэстэн” ТББ-ын хүмүүс очиж “Арева”-гийн үйл ажиллагааг нь зогсоосон юм. Таван телевиз бидэнтэй хамт явж мэдээлсэн. Японы NHK дэлхий даяар цацсан л даа. Үйл ажиллагааг зогслоо гэж бид тооцсон юм. Ахалж байсан франц мэргэжилтнийг маргааш нь гаргасан байсан. Бид замдаа хоёрхон айлаар дайрахад л нэг айлынх нь үнсэн дээр 12, нөгөө айлынхад нь 8 гаж төл үхсэн байхыг харж байлаа.
Гэвч тус компанийн үйл ажиллагаа зогссонгүй, үргэлжилж байна. 2014 онд нарийвчилсан үнэлгээ хийгээд, 2015 онд ашиглалтын зөвшөөрөл олгоод одоо туршилтын үйлдвэр барьчихаад дахиад турших гэж байгаа юм. Бид нэг л юмыг ойлгох ёстой. Цөмийн энергийн хууль 2009 оны долоодугаар сарын 16-ны өдөр батлагдсан. “Гал үндэстэн” холбооны санаачилж УИХ-д оруулж батлуулсан Урт нэртэй хуультай нэг өдөр батлагдсан. Бид энэ хуулийг баталчихлаа гээд баярлаж байхад л яг тэр өдөр энэ Цөмийн энергийн хуулийг анхны хэлэлцүүлгээр нь шууд баталсан. Энэ хуульд маш ноцтой заалтууд байгаа. Цөмийн төхөөрөмж гэж заасан. Тэр дотор цөмийн реактор, хаягдал боловсруулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлдвэр гээд зааж өгөөд, цөмийн хаягдал гэдгийг тодорхойлоод цөмийн бодис, цөмийн материал гээд тайлбарласан юмнуудыг бүгдийг нь Монголд оруулж ирэх бололцоотой болгосон. Бидний хамгийн их эсэргүүцээд байгаа юм бол Цөмийн энергийн хуулийн 15.1.3 дэх заалт бол 15.1.4 дэх заалтууд. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн бодисыг эзэмших, ашиглах, худалдах, цөмийн бодисыг экспортлох, импортлох, хаягдал булшлах эрхтэй гэж заасан байгаа гэлээ.
Мөн тэрбээр “Энэ хуулийг гаднын захиалгаар хийсэн. Энэ хүмүүсийн оролцоотой хийсэн. Бараг эдний боловсруулсан хууль байх гэж байнга үүнийг эсэргүүцэж байгаа шүү дээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүмүүс хаягдал булах гээд байгаа юм. Булах оролдлогоо хийсэн. Их олон газар. Ер нь бол энд уран олборлохдоо ч биш байгаа юм. 2011 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчилсан. Айлчлахад конгрессийн дэргэдэх судалгааны төвийн тайлангийн 14 дүгээр хуудсанд Монгол Улсад цөмийн хаягдал булшлах боломжтой боллоо гэж заасан. АНУ-ын Эрчим хүчний сайд нь үүнийг мэдэгдсэн байгаа юм. ХААИС дээр 2015 оны гуравдугаар сарын 19-нд “Ураны сөрөг болоод эерэг тал” гэсэн олон улсын эрдэм шинжилгэний хурал хийсэн. Тэнд Ази тивийн цөмийн зэвсэггүй холбооны дэд ерөнхийлөгч япон хүн энэ тухай бас баталж, мэдэгдсэн байдаг гэв.
Газар дор уусган баяжуулах арга гэдгийг 2010 онд “Арева” маш ноцтойгоор туршсан. Нэгдүгээрт, шүлтжүүлэх арга гэдгийг туршсан. Ил аргаар уранаа олборлох гэж туршсан байгаа юм. Дээр нь хүчилжүүлэх гэдэг аргыг туршсан. Хамгийн өндөр нягттай хүхрийн хүчил гаднаас уранд нөлөөлөхөөр ураны хагас задрал үүсдэг. Зүгээр задралын үед бол альфа, бета цацраг гардаг. Ионжуулагч цацраг. Хүчтэй нөлөөлснөөс болж шууд гамма цацраг гардаг. Гамма бол их хортой гэлээ.
“Босоо Хөх Монгол” ТББ-ын дэд тэргүүн Д.Чойпүрэв хэлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий 13 яам, агентлаг бий. Тэднээс үнэн бодитой мэдээлэл багцлагдаж очоод ҮАБЗ чиглэл гаргадаг. Тэр чиглэл яв цав түүгээрээ явдаг. Гэтэл нөгөө нэгжийн засаг дарга нь ашиг сонирхлын зөрчилтэй. Багаасаа авахуулаад тийм байна. Үнэхээр эх орноо гэсэн нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан бол өнөөдөр энэ байдалд хүрэхгүй байсан. Үнэн бодит юм ярьж байгаа иргэдээ та нар юу мэддэг юм. Шинжлэх ухаан мэднэ гэдэг. Гэтэл долоо найман хөлтэй ишиг, хоёр толгойтой хурга гараад байна. Баримтуудыг шүүх, ҮАБЗ-д хүргүүлсэн. Монгол хүний судалгаа хангалтгүй, үнэлэмж тийм доогуур байгаа юм бол дэлхийн цацрагийн судлаач эрдэмтэд уран олборлолтоос ялгарадаг Селени 131 гэж бодис хүний таван цул эрхтэнд нөлөөлдөг, эмэгтэй хүний сав, хөхний булчирхайд нөлөөлдөг. Хүүхдийн цусны хорт хавдрын өвчлөлд нөлөөлдөг гээд судалгаа хийчихсэн байна. Бидэнд итгэхгүй бол ядаж үүнийг хараа гээд баримтуудыг ҮАБЗ-ийн гурван гишүүнд өгсөн. Шүүхэд гаргаж өгсөн. Үндсэн хуулийн 1.5.5-д заасан мал сүрэг хаана байна. Төрийн хамгаалалтад байдаг үндэсний баялаг маань тэнд ямар байдалтай байгаа вэ гэлээ. Мөн тэрбээр үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх боломж байна уу. Шүүх дээр ялах боломж байна уу гэж хөтлөгчий асуухад “Үнэхээр эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй шүүгч байх юм бол ганц алх тогшоод болоо. Аюулын харанга дэлдсэн үнэн бодит мэдээллийг авсан төрийн гурван өндөрлөг байх юм бол ҮАБЗ-өөс ганц чиглэл өгөөд л дуусаа. Үндсэн хуулийн 16.2-д эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд заагаад өгчихсөн. Тэнд нэг нь ч хэрэгжихгүй байгаа. Тэнд хүмүүс малынхаа таван цулыг идэхээ болиод зургаан жил болж байгаа. Амьд малыг дээш нь харуулаад өрцийг нь цоолоход өмхий үнэртэж байна. Жалганд хаягдсан сэг зэм шиг үнэртэй байна. Би өөрөө үнэртлээ. Болдог бол тэр үнэр нь камерт бичигдээсэй гэж бодох юм. Иргэний нийгмийн 54 байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт уран ашиглахаас үүдэн учирч байгаа учирч болзошгүй эрсдэлийг арилгахын төлөө нэгдээд байгаа гэсэн юм.
Нэвтрүүлгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ үзэх
Сэтгэгдэл ( 1 )
Эх нутаг газар шороогоо хамгаалахын тулд Аревагийн үйл ажиллагааг зогсоо францчуудыг хөөж явуул. Фрац эрийг эдгэрэхээр нөхөн сэргээлт хийлгэ. Гүйцээ өөр асуудал байхгүй.