Коронавирусний тархалтын улмаас эдийн засаг нь хүндэрсэн дэлхийн 80 гаруй улс орон ОУВС-гаас яаралтай дэмжлэг хүсээд байна.
ОУВС вирус тархсан буурай болон хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих чиглэлд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг хүүгүй олгоно гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.
Тус сангийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева коронавирусний тархалт нэмэгдэхийн хэрээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, 2008-2009 оны санхүүгийн хямралаас ч хүнд хямрал дэлхийн эдийн засагт нүүрлэх эрсдэл ойрхон байгааг онцолж байна. Гэхдээ тэрбээр дэлхийн эдийн засаг 2020 онд агших хэдий ч 2021 оноос сэргэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлснийг хэвлэлүүд онцолж байгаа юм.
2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засгийн өсөлтөд -0.6 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн тооцоо бий. Гэхдээ одоогийн нөхцөл байдал тухайн үеэс ихээхэн ялгаатай. Учир нь тэр үед БНХАУ зэрэг бусад томоохон эдийн засгуудын өсөлт тогтвортой байсан. Харин одоо бол дэлхийн бүхий л эдийн засгууд амаргүй нөхцөл байдалд хамтдаа хөл тавьчихаад байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид эрсдэлээс сэргийлэн одоогоор 83 тэрбум ам.долларыг хөгжингүй орнуудаас татсан гэсэн судалгаа байна.
Сэтгэгдэл ( 0 )