Асуудал дагуулсан төслийн МАРГААН ИХТЭЙ уулзалт

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв энэ сарын 08-ны өдөр хуралдсан Рио Тинто компанийн хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалтыг онцоллоо. Монгол Улсын байгалийн баялгаас олсон ашгаасаа хөрөнгө хуваарилж байгаа ч хөрөнгө оруулагчдад цаашлаад иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн өмнө ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн Рио Тинто компанийг ч мөн шүүмжлэв. Энд бичиж буй үг өгүүлбэр бүхэлдээ хувь сэтгүүлчийн үзэл бодол гэхээс илүү Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төвийн судлаачдын үг гэдгийг анхаарах нь зүй.

Англо-Австралийн уул уурхайн аварга загас “Рио Тинто” компани коронавирусний цар тахлаас шалтгаалан видео хурал хийлээ. Энэ нь хэд, хэдэн талаараа Рио Тинто-д ашигтай байв. Нэг талаас дэлхий дахиныг хамарсан тахлын аюулаас хамгаалах, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эвгүй асуултаас булзах, иргэний нийгмийн байгууллагуудын шүүмжлэлээс холдох талаараа ч бас ашигтай байсан.

Сүүлийн үед гадна болон дотнын олон асуудлаас болоод хөрөнгө оруулагчдын дунд ойлгомжгүй байсан учраас энэ хурал учир мэдэх хүмүүсийн анхаарлыг татсан юм.

Ялангуяа Монголын талын төсөл хөтөлбөрүүдийн ирээдүйг цэгнэдэг байсан менежер нь “Оюу Толгой” төсөл дээрх Рио Тинто компанийн булхайг Монголын Засгийн газарт ч, олон нийтэд ч мэдэгдэнэ гэх хариу үйлдлийн дараа энэ уулзалтын ач холбогдол нэмэгдсэн хэрэг.

Рио Тинто компани хөрөнгө оруулагчидтайгаа уулзаж байхад Лондон хотод төвтэй уул уурхайн сүлжээ, олон нийтийн порталд тус компанийг эсэргүүцсэн цахим жагсаал зохион байгуулсан билээ. Тэд Монгол Улсад явуулж буй Рио Тинто компанийн бодлого, үр ашгийн тооцоолол, гарах үр дүн зэргийг эрс шүүмжлээд хуулийн хүрээнд ажил хэргээ явуулахыг шаардсан юм. Дээрх жагсаалд “OT Watch” төрийн бус байгууллага манлайлан оролцжээ. Уг байгууллага “Оюу Толгой” төслийн талаар эрэн сурвалжилж, судалгаа явуулдаг байгууллага юм.

“Оюу Толгой” бол хэрэгжиж эхэлсэн цагаасаа л маргаан дагуулсан төсөл. Дотооддоо улс төрийн оноо авах гэсэн харалган улстөрчдийн шүлсэнд даруулж, гадаадад төслийн нэр хүнд, ашиг, хэрэгжүүлж буй бодлого зэргээсээ л маргаан дагуулсан. Ялангуяа сүүлийн үед далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсноос шалтгаалан хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, маргааны сэдэв болоод байна. Дотоодын маргаан дагуулсан хэд, хэдэн зүйлсийг дурдъя л даа.

Татварын ерөнхий газрын явуулсан шалгалтаар 2013-2015 оны хооронд “Оюу Толгой” компанид ногдуулсан болон төлсөн татварын зөрчилтэй гэж үзэн 155 сая ам.долларын өрийг барагдуулах шийдвэрийг гаргасан юм. Энэ бол 2018 оны нэгдүгээр сард гаргасан шийдвэр. Рио Тинто компанийн мэдээлснээс харахад “Оюу Толгой” компани өөрийн хүлээн зөвшөөрсөн төлөөгүй татварын нөхөн төлөлт, торгуульд 4.8 сая ам.доллар төлжээ. Татварын маргаан “Оюу Толгой”-д шинэ зүйл биш. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 онд мөн л ийм маргаан үүсэж байсан түүхтэй.

Татварын маргаан үүсэж байхтай зэрэгцэн “Оюу Толгой”-н гэрээг байгуулахад идэвх санаачилгатай оролцсон гурван томоохон албан тушаалтныг баривчилсан нь олон улсын анхаарлыг татлаа. Энэ нь тухайн улстөрчдийн асуудал гэхээс илүү олон улсад Рио Тинто компани болон улстөрчид гэх хардлага төрүүлсэн. Хөрөнгө оруулагчид ч яг энэ өнцгөөс харсан байгаа. Дээрх үйл явдлуудаас яг жилийн дараа 2019 оны арваннэгдүгээр сард “Оюу Толгой” ордод Монголын талын эрх ашгийг хангуулах төслийг гар өргөн дуу нэгтэй баталсан нь уг төслийн 10 жилийн тэгш ойн дээр барьсан маш том сюрприз байлаа. Хэдийгээр монголын улстөрчид сонгууль дөхөхөөр л “Оюу Толгой”-тойгоо санаж “шүлсээ үсчүүлдэг” байсан ч энэ удаад УИХ-ын тогтоол болж ажлын хэсэг байгуулан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхээр боллоо. ТЭЗҮ-ээ шинэчлэх, байгалийн баялгийн нөөцийн үнэлгээг дахин гаргах, усны бодлогоо өөрчлөх зэрэг бүтээлч санаачилгууд багтсан. Гэхдээ одоог хүртэл ажлын хэсэг бодит ажлаа эхлүүлээгүй байгаа нь сайхан заалттай тогтоолыг эргэлзээнд оруулж буй хэрэг.

Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын хурлаар маргаантай сэдвүүдийн нэг нь 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байсан. Уншигч танд сануулъя л даа. Ерөнхий агуулга нь бидний товчлон нэрлэдэг “Дубайн гэрээ”-г хууль зөрчсөн гэж үзсэн. “Дубайн гэрээ” буюу “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-г л хууль зөрчсөн гэж үзсэн юм. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн тайлбарт анхаарал хандуулах хэрэгтэй. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв гэсэн байгаа. Энэ төрийн бус байгууллага тухайн үеийн Ерөнхий сайдын гурван захирамжийг хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэхийг нэхэмжилсэн юм. Үүнийг бүхэлд нь  хангасан гэж тайлбарласан. Түүнээс бус гэрээг хууль зөрчсөн, хууль зөрчсөнтэй холбогдуулан ингэх ёстой гэсэн хатуу шийдвэр бус хуулийн нөхцөлөөр хэрхэн ч тайлбарлаж болох шийдвэр гаргасан гэсэн үг. Тухайн үед “Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотойгоор УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан байдаг. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёр захирамжаар гэрээ байгуулах эрх олгосон гэдгийг санах хэрэгтэй. Харин үлдсэн хоёр захирамж нь гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан процедурын шинж чанартай байсан юм.

Эсрэг тэсрэгийн парадокс гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бол захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг шийдвэр маргаан байсан гэдгийг санах хэрэгтэй. Энэ утгаар нь харвал “Дубайн гэрээ” гэж нэрлэсэн энэ гэрээтэй огт холбоогүй маргаан гэдэг хуулийн тайлбар гарч байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”

Гэхдээ Засгийн газар нь тухайн үедээ алдаа гаргасан ч үндэстэн дамнасан компанийн үйл хэрэг явдгаараа явна гэж тайлбарласан. Энэ өнцгөөр нь харвал Засгийн газрыг ийм нөхцөлд хүргэсэн нь Рио Тинто компани болж байгаа юм. Чухамдаа энэ өнцөг нь л хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлсэн хэрэг л дээ.

Өөр нэг эргэлзээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын зардал болон ашиглалтад орох хугацаа хойшилсон явдал. Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын явц геологийн тогтоц, нөхцөл байдлаас шалтгаалан хойшилно, түүгээр ч барахгүй зардал нэмэгдэнэ гэдгийг 2019 оны зун мэдэгдсэн юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллароос давж 6.5-7.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь 1.2-1.9 тэрбум ам.доллароор давж буй хэрэг аж. Харин ашиглалтад орох хугацаа 2022 оны тавдугаар сар байсан хойшилж 2023 оны дунд үед болж хойшилсон юм. Өөрөөр хэлбэл анх төлөвлөж байснаас 16-30 сараар хойшилсон гэсэн үг. Гэвч зардал үүнээс ч давах төлөвтэй. Голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” өнгөрсөн долоо хоногт тооцоолол гаргаж далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад нэмж 4.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж барайлгав. Хэрэв ашиглалтад орвол дэлхийн гурав дахь томоохон зэсийн уурай болох “Оюу Толгой”-н далд уурхайн асуудал гүнзгийрсээр байна.

Ядаж байтал Монгол болон бусад улсуудын уурхайн ирээдүйн төлөвийг дэнсэлдэг менежер Ричард Баулли нь Рио Тинто компанийн бизнесийн алдаануудыг өчиггүй олон нийтэд зарлана гэж мэдэгдээд удсангүй. Ричард Баулли нь 2017-2019 оны хооронд тус компанийн Монголын салбарыг хариуцсан стратегийн хэлтэст менежерээр ажиллаж байв.  Ингэж ажиллаж байхдаа “Оюу Толгой”-д хэрэгжүүлэх далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой голлох мэдээллээр гүйцэтгэх удирдлагуудаа хангадаг байжээ. “Оюу Толгой” төслийн цаашдын ирээдүйг өөрчлөх далд уурхайн бүтээн байгуулалт алгуур байх тухай судалгаандаа суурилан хэд, хэдэн удаа анхааруулж байсан гэдэг. Тэрбээр 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр компанийнхаа дэд ерөнхийлөгчид ханджээ. Ажил үүргийн хуваарь, удирдлага чиглэлийн дагуу тухайн үед Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн салбарын хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгчид гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөснөөс 12 сараар хойшлох тухай, хөрөнгө оруулалтын зардал 300 сая ам.доллароор давах тухай асуудлаар хандсан байна. Ингэж хандаад тусыг эс олсон тул 2018 оны аравдугаар сард ноён Арно Сойратад нэгэн цахим шуудан илгээж, "Далд уурхайн төсөлд 12-18 сарын саатал гарна, зардал нэмэгдэнэ” гэх агуулгатай захидал илгээж байжээ. Түүнчлэн энэ мэдээлэл хөрөнгө оруулагчдад таатай тусахгүй гэдгийг ч онцолсон байна. Гэвч түүнийг үгийг үл тоосноор барахгүй ажлаас нь үндэслэлгүйгээр халсан юм.

Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын уулзалт нэг иймэрхүү уур амьсгал дунд өрнөсөн. Үүнийг Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв энэ уулзалтыг эрс шүүмжилж буй. Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн эрх хэмжээ, үйл ажиллагааны ноцтой алдаа дутагдал энэ байгууллагын үйл ажиллагааг шалгах ёстой үндэслэл гэж үзэж буй.

Ашигласан эх сурвалж: SOMO, Mining.com, Financial Times, Reuters

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.182.218) 2020 оны 04 сарын 14

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

0  |  0
Top