ЭНЭ ӨДӨР ТҮҮХЭНД: Гарсиа Маркесийн талаар 12 сонирхолтой баримт

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Колумбын их бичгийн хүн, Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркес 2014 оны энэ өдөр насан эцэслэсэн билээ. Габриэль Гарсиа Маркес Мехико дахь гэртээ эхнэр Мерседес Барча, хүү Гонсало, Родриго нарынхаа гар дээр амьсгал хураасан. Агуу зохиолч 88 настай байлаа. Колумбын Засгийн газар алдарт иргэнийхээ дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаж байв.
 


1. Габриэль 16 хүүхэдтэй айлын ууган хүү байлаа.

2. Маркес хүүхдийн үлгэр бичиж байсныг хүмүүс мэдэхгүй. Харин хүүхдүүд нь түүний зохиосон үлгэрийг уншаад “Та хүүхдүүдийг үнэхээр ийм тэнэг гэж бодож байна уу” гэж хэлснээс хойш больжээ.

3. “Хэрэв би зохиолч болоогүй бол баар, рестораны хөгжимчин болох байсан. Дурласан хосуудад улам их хайр бэлэглээд сууж байх байлаа” гэж ярьж байв.

4. 2004 онд тэр “Гунигт янхнуудаа дурсахуй" романаа хэвлүүлжээ. Гэвч албан ёсны нээлтээс сарын өмнө хулгайч гар бичмэлийг нь хувилан, худалдаанд гаргасан байна. Хариуд нь Маркес зохиолынхоо төгсгөлийг өөрчилжээ.
 


5. Хуучин ЗХУ-ын тухай бичсэн эсседээ тэр “ЗХУ бол кока-колагийн сурталчилгаа байдаггүй орон” хэмээн гайхаж байв.

6. Алдарт “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэвлэлийн газар илгээх гэтэл түүнд 80 песо дутжээ. Ингээд эхнэрийнхээ гоо сайхны хэрэгслийг барьцаанд тавьж, мөнгө авсан байна. Эхнэр нь энэ тухай мэдээд “Энэ ном нь муу зохиол байвал бүр баларна даа” гэж хэлж байжээ.

7. Мексикийн Засгийн газраас түүнийг 1965-1985 онд нууцаар мөрдөн шалгадаг байв. Учир нь Маркес коммунист дэглэмийн орны удирдагчидтай дотно харилцаатай байжээ.

8. Маркес онгоцоор аялах дургүй байв.
 


9. “Зуун жилийн ганцаардал” зохиолоороо дэлхийн хэмжээнд алдаршсаныхаа дараа Габриэль Гарсиа Маркес улс орнуудын төрийн тэргүүдтэй уулзаж, хүлээн авалтад оролцох маш дуртай болсон тул нэг хэсэг түүнийг “Габриэль Гарсиа Маркетинг” гэж нэрлэдэг болсон гэдэг.

10. АНУ-ыг шүүмжилж, Кубын хувьсгалыг магтан дуулсан тул түүнд 1961-1991 оны хугацаанд АНУ-ын виза олгодоггүй байжээ.

11. “New York Times” сонин “Зуун жилийн ганцаардал” зохиолыг бүх хүн төрөлхтний заавал унших ёстой номын жагсаалтын хоёрт буюу Библи болон Хуучин гэрээний эхний ном “Эхлэл”-ийн дараа оруулсан байдаг.

12. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэр ярилцлага өгөхөөс татгалздаг болсон бөгөөд 30 минутын ярилцлагаа 50 мянган ам.доллароор үнэлдэг байжээ.
 


Гарсиа Маркесийн эшлэлээс
 

  • Хүн ганцхан удаа төрдөггүй. Амьдрал түүнийг дахин дахин төрүүлсээр байдаг.
     
  • Онгод зөвхөн ажлын үеэр ирдэг.
     
  • Эмэгтэйчүүд энэ дэлхийг удирддагийг би мэднэ.
     
  • Намайг хүмүүс хайрлаасай гэж боддог болохоор би зохиол бичдэг. Энэ хорвоо дээр надад дургүй хүн байх бий гэхээс айдаг. Хэрэв тийм хүн байгаа бол энэ ярилцлагыг уншаад надад хайртай болоосой.
     
  • Эмэгтэйчүүд урван тэрслэлтээс бусад бүх зүйлийг өршөөж, уучилж чаддаг.
     
  • Нийгмийн амьдралын хамгийн чухал нь айдсаа удилдах, гэр бүлийн амьдралын хамгийн чухал нь уйтгараа дарж чаддаг байх.
     
  • Аз жаргал шиг бүх юмыг эмчилж чаддаг эм үгүй.
     
  • Амьдрал бол өнгөрсөн өдрүүд биш сэтгэл санаанд дурсагдан үлдсэн өдрүүд юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.31) 2020 оны 04 сарын 17

гайхалтай

0  |  0
Top