“Их тойрог” төслийн дэд станцыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Их тойрог төслийн 220кВ-ын Сонгино дэд станцаас 110кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110кВ-ын 44км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын танилцуулгыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ хүргэлээ. Тэрбээр “Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлуудад 2012 оноос эхлэн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг төсөл арга хэмжээний ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна. Олон жил яригдаж ирсэн дэд станцыг ирэх долоодугаар сарын 1-нд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Мөн тодорхой шалтгаануудын улмаас хийгдээгүй зарим ажлууд байгаа талаар танилцуулгадаа онцолж хэллээ. Тухайлбал, 3.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур суурилагдсан, 24 км шугамын утас татах ажил хийгдсэн ба 0, 4, 6, 10, 35, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцсон хэсэг утас татах ажил хийгдээгүй аж.

Одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувиар ачаалагдаж байгаа нь Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрч байна. Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, гэр хороолол айл өрхийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй байдалд хүрсэн учир энэ дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулснаар энэ байдлыг арилгах чухал ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бид(64.119.20.133) 2020 оны 04 сарын 23

Гүүрэн зам зайсандхүрнэ л гэнэ, цанилгааны шугам зайсан хүрнэ гэнэ\nГэр хорооллыгг яах хотын даргаа

0  |  0
Top