Уханьд коронавирусээр халдварласан хоёр эмчийн арьс нь харлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24


Коронавирусний халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн Хятадын Ухань хотын төв эмнэлгийн хоёр эмчийн арьс илт харласан тухай Британийн Daily Mail мэдээлжээ.

Арьсны өнгө ийн өөрчлөгдсөн нь коронавирус биеэр нь тархсаны улмаас элэг нь их хэмжээгээр гэмтэж, дааврын тэнцвэр алдагдсантай холбоотой гэж тэднийг эмчилж буй эмч Ли Шүшенг CCTV сувагт ярьжээ.

Йи Фан, Хү Вейфенг нар 2020 оны нэгдүгээр сард Уханийн төв эмнэлэгт КОВИД-19 туссан өвчтөнүүдийг эмчлэх үеэрээ халдвар авчээ. Хүнд хэлбэрээр өвчилсөн эмч нарыг цусыг хүчилтөрөгчөөр хангах аргаар эмчилсэн байна.

Түүнчлэн, тэдэнд өгч байсан зарим төрлийн эм, бэлдмэл бие организмд ийм үйлчилгээ үзүүлсэн байж болзошгүй гэж Уханийн төв эмнэлгийнхэн таамаглаж байгаа аж. Ий, Хү нарын биеийн байдал сайжирч, элэгний үйл ажиллагаа сайжирсны дараа тэдний арьс өнгө хэвийн байдалдаа эргэж орно гэж найдаж буйгаа Ли Шүенг эмч илэрхийлжээ.

Йи Фан эмч ухаан орж, арьсны өнгө нь өөрчлөгдсөнийг мэдээд ихээхэн айж сандарсан тухай CCTV телевизэд ярьжээ.

Хар дарж зүүдлэхэд хүрсэн түүнд мэргэжил нэгт нөхөд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд эмч залуус аажмаар сэтгэл зүйн саадыг давж чаджээ.

Зүрх судасны эмч Йи ECMO буюу цусыг хүчил төрөгчөөр хангах аппаратад 39 хоногийн турш орсон бол бөөрний эмч Хү Вейфенг 99 хоногийн турш хэвтэрт байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 7-оос гуравдугаар сарын 22-ныг хүртэл хүчилтөрөгчөөр цус хангах эмчилгээ хийлгэсэн байна.

Ли эмчийн хэлснээр, Хү энэ сарын 11-нээс эхлэн ярих чадвартай болжээ.

Ий, Хү хоёр коронавирусний тахлын талаар анх мэдээлснийхээ төлөө шийтгүүлж, эцэст нь халдварын улмаас амиа алдсан Ли Венлян эмчтэй хамт ажилладаг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.216) 2020 оны 04 сарын 24

Ганц энэ хоёр хүн халдвар авснаас ингэж хувирч байгаа юм уу эсвэл халдвар аваад эдгэсэн гэгдэх бүх хүмүүс үү гэдэг л бна тийм бол хэцүүдэх нь дээ нөгөө зомби төрхөнд хувираад бгаа юм биш үү

1  |  0
Top