АНУ-ын эмч нар КОВИД-19-ийн шинэ шинж тэмдгийг илрүүлж, “Коронавирусний хуруу” гэж нэрлэжээ.
USA Today сонинд мэдээлснээр, шинэ шинж тэмдэг нь өвчтөнүүдийн хөлийн хуруу хөх, ягаан өнгөтэй болох замаар илэрч байгаа аж. Пенсилванийн их сургуулийн халдварт өвчин судлаач Эббинг Лаутенбахын мэдээлснээр, хөлийн хуруунуудад хүрэхэд хорсох, өвдөх зэрэг шинж ажиглагдаж байна. Халдварын энэ хэлбэр амьсгалын замын хурц хам шинжтэй хүнд өвчтөнүүд болон шинж тэмдэггүй халдвар авсан залуу өвчтөнүүдэд илэрчээ. Ингэхдээ дээрх шинж тэмдэг халдварын эхний үе шатанд буюу шинжилгээ сөрөг гарах боломжтой үед илэрч байгаа гэнэ.
Хуруунууд хөхөрч буй нь тухайн хэсэг үрэвсэж, эсвэл судас бөглөрч буйн шинж байж болзошгүй гэж Лаутенбах тайлбарлажээ.
Ийм шинж тэмдэг хүнд хэлбэрийн томуу эсвэл вирусээс үүсгэгдсэн уушгины хатгалгаатай өвчтөнүүдэд илэрч байна гэж Массачусетсийн эмнэлгийн яаралтай тусламжийн албаны дарга Сюзэн Уилкокс онцолжээ.