Ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Монголбанкнаас хийдэг зээлийн төлөвийн судалгаагаар арилжааны банкууд өнгөрсөн хоёр сарын хугацааны нөхцөл байдалтайгаа уялдуулан иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулсан байна. Хэдийгээр зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй ч иргэдийн зээл авах эрэлт буурах хандлага гарчээ. Арилжааны банкууд ковид-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан.   Энэ хүрээнд  6596 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулжээ.

Хугацаа хойшилсон зээлийн хэмжээ 76 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Иргэд дунджаар 6.2 сарын хугацаагаар зээлээ хойшлуулсан нь өр, орлогын харьцаа буурахад нөлөөлсөн гэдгийг төв банкны мэргэжилтнүүд тодотголоо. Улмаар банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас есөн тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцжээ. Харин хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой аж.  

Мөн төрөөс санхүүжүүлж буй ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаж, хойшлуулах шийдвэр гарсантай холбоотойгоор арилжааны банкууд өчигдрийг хүртэл иргэдийн хүсэлтийг авсан. Тиймээс иргэдийн ипотекийн зээлийн хугацааг сунгасан байдлыг өчигдрөөр тасалбар  нэгтгэн мэдээлэх гэнэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлт буурах нь шинэ олголтод ч нөлөөлж эхэлнэ.

Гуравдугаар сард  гэхэд л ипотекийн зээлд 613 иргэн шинээр хамрагдсан байна.  Ийнхүү гуравдугаар сард ийнхүү 46.6 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгосны  57 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэр, үлдсэн 43 хувийг нь төрөөс хэрэжүүлж буй хөнгөлөлттэй хөтөлбөрийн эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Энэ үеэр ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, 2020 оныг дуустал сар тутам 16-20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос гадна хүүгийн татаасанд олгохоор улсын төсөвт суулгасан 60 тэрбум төгрөгийг үр дүнтэй ашиглахаар Сангийн яамтай санал солилцож байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэллээ. Ипотекийн зээл олголтыг өсгөж, төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болсон. Ингэснээр төрийн алба хаагчид байраа түрээслээд, өмчлөх нөхцөлийг бүрдүүлэхээр Нийслэлийн орон сууцны корпорац , Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.22.105) 2020 оны 05 сарын 01

Ард түмнээ битгий алагчилж үзээрэй.

0  |  0
Top