Zindaa.mn энэ удаагийн аудио зохиолоор Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Андрейн Сүглэгмаагийн " Нигүүлсэхүйн залбирал" шүлгийг та бүхэнд сонордуулж байна.
Түнэр харанхуйг гэрлийн ертөнцөөс аюутгагч
Тэнгэр эрхэсийн эх дагина наран мину
Түмэн зовлонг үлдэн зайлуулагч
Төгс төгөлдөр Шагжамүни бурхан мину
Тээр бүхний үйлийг таригчийг
Тахилт тавиландаа даатгаж хайрла
Тийрэмд ээрүүлсэн балмад этгээдийг
Тамын орчлонгоос гэтэлгэж өршөө
Төөрөлдсөн засаг сургуулиараа сэнхрүүлэгч
Тарнийн шидэт агуу будда мину
Тээглэсэн сүүдрийг харцаараа гийгүүлэгч
Тайван амгалан Цагаан дарь эх мину
Уур мунхгийн үүл хуралдуулагчийг
Уучлалын салхиараа аргадаж тайтгаруул
Увайгүй зангаар цээжийг минь шивсэн ч
Ухаарч ойлгох боломж олго
Хүлээтэй гачланг бодлоос чөлөөлөгч
Хүчирхэг оюуны сав шим мину
Хүсэл тачаалыг биеэс ангижруулагч
Хүлцэн тэвчихүйн бясалгал мину
Хомхой сэтгэлт бялдууч атаархагчийг
Хожмын сайнд нь залж ерөө
Ховсын мананд ужид хөлчүүрхэгчийг
Хорын ерөндгөөр илааршуулж чандал
Худал үнэнийг ялган таниулагч
Хутагт нүнжиг сахиус мину
Хувь төөргийг мэргэн зүүднээ шивнэгч
Хурмастын улаач онгод мину
Хуурамч инээдээрээ тохуурхах нэгнийг
Хувилгаан ивээлдээ адисалж хайрла
Хуудуу аашаар өрцийг минь сүлбэсэн ч
Хөөрхий түүнийг энэрч соёрх
Атгаг санааг сэтгэлээс ариусгагч
Авшигт сүнслэг чанар мину
Албин чөтгөрөөс биеийг минь хамгаалагч
Амин шившлэгт шүтээн мину
Цадиг буяныг огоорох нэгнийг
Цаглашгүй энэрэлдээ оршоож амарлиул
Цэвдэг сэтгэлээр дотрыг минь сийчсэн ч
Цэцгэн завилгаандаа гэгээрүүлж сүсэглэ
Аюул ослыг замаас холдуулагч
Авралт дагшин Бодьсадва мину
Ачлал элбэрлийг эгнэгт сахиулагч
Асралт ивээлт Амитаба залбирал мину
Ариун журмыг үл дээдлэгчид
Алдаагаа дэнслэх хором өг
Амьтны амийг үгээр хөнөөгчид
Аливааг тунгаах ухаарал хайрла
Өгөх авахыг жинлэн тэнцүүлэгч
Өв сангийн алтан судар мину
Үйлийн үрийг хойтод сэхээрүүлэгч
Үүлэн орхимжит сэрэхүйн бодрол мину
Шунаг хүсэлдээ автан живэгчийг
Шимнусан дүрээс нь хувилгаж болгоо
Шударга бус бүхэнд нүдээ ухагсдыг
Шүншиг залбиралдаа мэлмийг нь тунгалагшуул
Үхэл амьдралыг оргүй хоосонтой зохируулагч
Үлэмжийн үнэнтэй амьдралын хүрдэн мину
Үнэнч хайрыг зүрхнээ гэрэлтүүлэгч
Өнчин ганц Таж Махалын нулимс мину
Өөдгүй үйлээр итгэлийг минь эвдэгчийг
Өөрчлөгдөж ухаарах мөн чанарыг нь нээ
Өр зүрхийг минь өшигчин дэвсэлсэн ч
Өршөөж авралдаа нигүүлсэж хайрла
Сэтгэгдэл ( 1 )
Бурхны сургаал мэт ямар гоё шүлэг Маш их таалагдлаа