КОВИД 19 | Өмнөд Солонгост сүүлийн хоёр өдөр халдвар бүртгэгдсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ-д тархалт өндөр хэвээр байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 95 хүн нас баржээ. Орост нийт 155 мянга гаруй хүн халдвар авч, 1451 хүн нас бараад байна. Түүнчлэн Бразилд хоногт 7000 гаруй тохиолдол илэрч, 600 хүн нас баржээ. Нийт халдварын тоо 114 мянгад хүрсэн бөгөөд нас баралт, шинэ тохиолдлын тоо хоёулаа өссөн байна. Тус улсын уугуул иргэдийн төлөөлөл ДЭМБ-ын ерөнхий захиралд хандан Бразилд үүссэн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн тул уугуул иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, арга хэмжээнүүд авч, туслалцаа үзүүлэхийг гуйжээ.

Тэгвэл АНУ-д 1.2 сая хүн халдвар авч, 71 мянган хүн нас бараад байна. Коронавирусний тархалт хамгийн өндөр байгаа Нью-Йоркт 25 мянга гаруй хүн нас баржээ. АНУ-ын 50 муж улсын 46-д нь хичээлийн жилийг дуустал сургуулийн үйл ажиллагааг хаасан байна.

Харин Шинэ Зеланд, Австрали зэрэг Номхон далайн орнууд хамгийн хатуу чанга арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шинэ Зеландад хоёр өдөр дараалан шинэ халдвар бүртгэгдээгүй бөгөөд хилээ нээх болоогүй гэнэ. Тус улс бусад оронд хилээ нээх болоогүй ч Австралитай хиллэх хилээ нээж магадгүй байгаа аж.

Өмнөд Солонгост мөн хоёр өдөр дараалан дотоодод халдвар бүртгэгдээгүй бөгөөд зөөвөрлөгдсөн гурван тохиолдол илэрчээ.

Японд 120 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт өмнөх өдрийнхөөс 10-аар нэмэгдсэн байна. Тус улсад хөнгөн өвчилсөн өвчтөнүүдийг зочид буудалд хэвтүүлэн эмчийн хяналтад авах зэргээр эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх аж. Японд өмнө нь 37.5-аас дээш хэмээр дөрвөн өдөр дараалан халуурсан хүмүүсийг коронавирусний оношилгоонд оруулдаг байсан бол одоо амьсгал давчдах, ядрах, халуурах шинж тэмдэг илэрсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулах юм байна. Тус улсад “Ремдезивир” эмийг яаралтай горимоор хэрэглэх асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шуурхай шийдвэрлэх аж. Мөн өөрийн улсын бүтээсэн “Авиган” эмийг коронавирусний эсрэг хэрэглэх эм болгон бүртгэлжүүлэх гэж байгаа талаар Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

Top