КОВИД 19 | Монголд өвчилсөн хүмүүсийн 80.4 хувь нь хөнгөн хэлбэрийнх

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Манай улсын хувьд гадаадаас ирж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь ОХУ-аас орж иржээ. Батлагдсан тохиолдлууд эмнэл зүйн хувьд ДЭМБ болон дэлхийн бусад улс орны мэдээлж байгаатай адил 80.4 хувь нь хөнгөн буюу дунд хэлбэрийн, 14.6 хувь нь хүнд буюу хүндэвтэр, таван хувь нь маш хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй байна.

Өвчлөгсдийн 10 орчим хувь нь хатгаагаар хүндэрсэн бол эдгэрсэн 13 хүний дөрөв нь гадаадын иргэн аж. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь хүнд буюу маш хүнд явцтай байжээ. Бөөр, элэг, зүрх судасны өвчинтэй, илүүдэл жинтэй, жирэмсэн хүмүүс коронавирусний халдвараар өвчилж, эмчлэгдэж байгааг мөн ЭМЯ-наас мэдээллээ.

Коронавирусний халдвартай хүмүүст хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгай 50 ортой тасагт эмчилж байгаа бөгөөд 40 эмч ажиллажээ. ЭМЯ-наас иргэн бүр маскаа тогтмол зүүж, гадуур явахгүй байх, эрүүл ахуйн дэглэмүүдийг чандлан сахих зэргээр зөвлөмжүүдийг дагахыг уриаллаа.

Дэлхийн 40 гаруй орны удирдагч коронавирусний эсрэг вакцин, эм үйлдвэрлэх санаачилгад нэгдэж байгаагаа мэдэгджээ. ДЭМБ тэдний санаачилга, 7.4 тэрбум евро босгосон зэргийг өндрөөр үнэлж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Top