ОХУ, Бразилд хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

ОХУ-д сүүлийн дөрвөн өдөр дараалж хоногт 10 мянга гаруй хүн коронавирусний халдвараар оношлогдож байна. Хойд хөршид нийт 165 мянга гаруй хүн халдвар авч, 1500 гаруй хүн нас баржээ. Түүнчлэн Бразил улсад хоногт 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт өссөөр байгааг ДЭМБ-аас мэдээлжээ.

Халдвар цар тахлын хэмжээнд байсан Франц, Итали, Испани, Иран зэрэг улсад тархалт аажмаар буурч байгаа ч халдварлаж, эмнэлэгт шинээр хэвтэх тохиолдлын тоо огцом өссөн байна. Энэ нь хөл хориог сулруулснаас болж хүмүүсийн нягтрал ихэссэнтэй холбоотой гэж судлаачид тайлбарлажээ.

Дэлхийн олон орон хөл хориогоо сулруулж, зарим нь цуцалж байгаа нь аюултай гэдгийг ДЭМБ-аас мэдэгдэж буй. Үүнд туйлын анхааралтай, нямбай хандах ёстойг анхааруулсаар байна. Хөл хориог сулруулах нь эргээд маш богино хугацаанд дахин хөл хорионы дэглэм мөрдүүлэх шаардлага үүсэхийг анхааруулжээ.

Тэгвэл БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод нийт 120 гаруй сургуулийн хичээлийг хэсэгчилсэн байдлаар эхлүүлжээ. Эхний ээлжид ахлах ангийн сурагчдын хичээлийг эхлүүлсэн байна.

Германд хүмүүс хоорондоо 1.5 метр зайтай явах хязгаарлалтын арга хэмжээг мөрдүүлэх бол бусдыг нь аажмаар сулруулах гэнэ. Мөн талбайн хэмжээнээс үл хамаарч, бүх дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрыг нээх аж.

Чех улс сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор түүврийн аргаар эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийжээ. Ингэхэд 107 хүнд л “Ковид-19” халдварын эсрэг бие үүссэн байсан учир ард иргэдийн дархлаа маш сул, халдварт өртөх магадлал их байгааг харуулсан байна.

ДЭМБ, ялангуяа Америкийн бүсийн захирал улс орнууд нийтийн анхаарлыг сулруулж, хайхрамжгүй хандах, халдварын тархалт буурч байна гэж бодох зэрэг нь тархалтыг дахин нэмэх, хөрш зэргэлдээ орнуудад нь өвчлөл гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа учир анхааралтай хандахыг уриалжээ.

Америкийн зүүн эргийн нутгуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа аж. Иранд хөл хориог сулруулснаас болж өвчлөл дахин дэгджээ.

 

Top