-Өнгөрсөн онд 1.17 тэрбум ам.долларын орлого олжээ-
“Оюу толгой” компани өнгөрсөн жилийн нэгдсэн тайлангаа танилцууллаа. Тус компани өнгөрсөн жил 1.17 тэрбум ам.долларын орлого олсон нь 2018 оны 1.18 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт болсон байна. Тухайн жилд борлуулсан алтны хэмжээ нэмэгдэж, алтны үнэ өндөр байсан нь зэсийн үнэ унаж, борлуулсан тоо хэмжээний бууралтыг нөхжээ. Нийт 150 мянган тонн зэс, 274 мянган унц алт, 896 мянган унц мөнгө агуулсан 725 мянган тонн баяжмал борлуулж, дээрх орлогыг олсон байна. Хэдийгээр борлуулалтын орлого буурсан ч олборлолт 101 сая тонн болж нэмэгдсэн. Энэ нь ил уурхайн олборлолтын үе шилжсэнтэй холбоотой аж. Мөн боловсруулсан хүдрийн хэмжээ зургаан хувиар нэмэгдэж, 41.2 сая тонн болсонд зөөлөн хүдэр боловсруулах болсноор тээрмийн гарц нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тус компани өнгөрсөн онд гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй явуулсан бөгөөд уурхайн шинэчилсэн зураг төслөө 2020 оны эхний хагаст бэлэн болгохоор төлөвлөсөн байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.18 тэрбум ам.доллар зарцуулж, газрын гадарга дээрх дэд бүтцийн томоохон байгууламжуудыг барьж дуусгасан. Гүний уурхайн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 3.5 тэрбум ам.долларын зардал гаргажээ. Төслийн хүрээнд байгуулсан нийт гэрээ хэлцлийн дүн 4.3 тэрбум ам.долларт хүрсэн болохоо тус тайланд онцолсон байна. Үүнээс 2.9 тэрбумын гэрээ хэлцлийг дотоодын 132 ханган нийлүүлэгчтэй байгуулснаар 2016 онд анх тавьсан 1.4 тэрбум ам.долларын зорилтыг давуулан биелүүлжээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, төслийн санхүүжилтийн зээлийн хүүг төлөх зорилгоор өнгөрсөн онд 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт татсан. Санхүүжилтийн 645 сая ам.долларыг энгийн хувьцаа, 730 сая ам.долларыг хувьцаа эзэмшигчээс олгосон зээл хэлбэрээр татсан. 2019 онд гаднаас авсан санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс бага байгаа нь үйл ажиллагаанаас орсон орлого нь тухайн үйл ажиллагааны урсгал зардлаас давсантай холбоотой. Ингэснээр өнгөрсөн оны эцэст нийт өрийн хэмжээ нь 10.6 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл “Оюутолгой” компани 2010 оноос хойш улсын хэмжээнд нийт 10 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Түүнчлэн Монгол Улсад өнгөрсөн онд төлсөн татвар, хураамж 209 сая ам.доллар, үүний 71 сая ам.доллар нь АМНАТ буюу рояалти аж. Ажилчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт 25 сая ам.доллар болж, 2018 оныхоос дөрвөн сая ам.доллараар өсжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хог Риогоос ОТ-гоо салгаж авья.Авж байгаа нь тэрбумаар өгч байгаа нь саяар арай ч дээ.Хужаа баярцогт эба нарыг дүүжлэе.
Монголын хамааралтай өрийг С.Баяр Баярцогт. Сайханбилэг Элбэгдорж Багабанди энэ 5 хүн төлөх ёстой. Санал нэг байгаа гэдэгт итгэнэ.