Коронавирусний халдварын тархалт ОХУ болон Бразил улсад өндөр хэвээр байна. Хойд хөршид хоногт 11200 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 177 мянга гаруй хүн өвчилжээ. ОХУ нийт халдварын тоогоор дэлхийд тавдугаарт бичигдэж байна. Нийт тохиолдлын тал хувь нь нийслэл Москва хот орчмын бүс нутагт бүртгэгджээ. Илрүүлэлт хязгаарлагдмал байгаа учир нийт халдварын тоо 300 мянгад хүрсэн байж болзошгүйг Москва хотын дарга мэдэгдсэн байна.
Бразилд шинээр 10500 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 125 мянга гаруй болжээ. Тус улсад хоногт 615 нас баралт бүртгэгдэж, нийт 8500 гаруй хүн эндээд байна. Гэсэн ч Бразил улс хөл хорионы арга хэмжээгээ цуцлах санал гаргасаар байгаа аж.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд Сингапурт 741 шинэ тохиолдол илэрч, нийт 21 мянган хүн коронавирусээр халдварлажээ.
Японд 95 шинэ тохиолдол илэрсний 23 нь нийслэл Токиод бүртгэгджээ. Энэ нь Токио хотын хувьд хамгийн бага үзүүлэлт болсон байна. Японд нийт 5700 гаруй хүн эдгэрчээ. Тус улсад халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор “Ремдезивир” эмийг түргэвчилсэн горимоор бүртгэж, эмнэл зүйн хувьд хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэхээр төлөвлөж байна.
Герман, Өмнөд Солонгос зэрэг халдварын тархалтыг амжилттайгаар хязгаарлаж чадсан орнуудад цар тахлын хоёр дахь давлагаа гарч магадгүй байгааг ДЭМБ анхааруулжээ. Германы эрх баригчид иргэддээ хандан вакцин болон үр дүнтэй эмнэлгийн технологи гараагүй байгаа нөхцөлд хоёр дахь давлагаа эхлэх нь цаг хугацааны асуудал гэдгийг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Uhsen baasnii 2 dah davalgaa ntr vee sdaa
Корона комунизмархуу нийгэм байгуулахад хүргэнэ