Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн (2020.05.09) ээлжит мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн яамны гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Б.Янжмаа: Дэлхий дахинд 3894757 хүн коронавирусээр халдварласнаас 272528 хүн нас барж, 1298826 өвчтөн эдгэрчээ. КОВИД халдварын тархалтын идэвхжил Европт ОХУ-д өндөр байгаа бол Өмнөд Америк тивд Бразилд өндөр байна. ОХУ-д халдвар авсан хүний тоо 188 мянгад хүрч, 1723 хүн нас барсан бол Бразилд халдварын тохиолдол 145 мянга гарч, нас барсан хүний тоо 9800-ыг давжээ.
БНСУ-ын Сөүл хотын Итагон дүүрэгт голомтын халдвар үүссэн байж болзошгүй. Шинж тэмдэггүй өвчилсөн нэгэн иргэн дөрвөн цагийн дотор таван баар, хоёр дэлгүүрээр үйлчлүүлжээ. Мөн түүний очсон шөнийн клубээр үйлчлүүлсэн 15 хүн халдвар аваад байна. Тухайн иргэний зам мөрийг гаргаж, тухайн газраар үйлчлүүлсэн хүмүүст гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө өгчээ. Тухайн газруудаар үйлчлүүлсэн иргэдийг төлбөрийн карт зэргээр илрүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй хүнийг тогтоогоод байна. Тус улсын эрх баригчид тухайн баар, шөнийн клубыг сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөсөн байна.
Хонконгийн судлаачид вирусний эсрэг үйлдэлтэй эмийг дархлаа дэмжих эмтэй хавсран хэрэглэхийг зөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, АНУ-д 1279546 /нас барсан 76706/, Испанид 222857 /нас барсан 26299/, Италид 217185 /нас барсан 30201/, Их Британид 207977 /нас барсан 31315/, ОХУ-д 187859 /нас барсан 1723/, Францад 174918 /нас барсан 25990/, Германд 170489 /нас барсан 7445/, Бразилд 141088 /нас барсан 9637/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )