Эрүүл мэндийн яамнаас явуулдаг цаг үеийн ээлжит мэдээллээр Монгол Улсад коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдээллээ.
Тодруулбал ХӨСҮТ болон салбар лабораторид хийсэн 397 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
“Тандалтын зорилгоор Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгээс цуглуулсан таван иргэний шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байрнуудад тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан долоо, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүнээс давтан шинжилгээ авахад коронвирус илрээгүй байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан юм.
Дээрх шинжилгээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд мөн хамрагдсан байна.
Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 тээврийн жолоочоос ч мөн адил вирусний халдвар илэрсэнгүй.
ХӨСҮТ-д одоогоор 107 хүн ажиглалт, хяналтад байгаа аж.
Монгол Улсад коронавирусний батлагдсан 42 тохиолдол одоогоор байгаа бөгөөд 14 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 28 хүн эмчилгээ хийлгэж байна.