БНХАУ-ын Жилинь мужийн Шулань хотын дүүрэгт 11 хүн шинэ төрлийн коронавирусний халдвар авч, тус дүүргийг КОВИД-19 халдварын өндөр эрсдэлийн бүс гэж үзлээ.
БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Ми Фэний мэдээлснээр, сүүлийн нэг хоногт тус улсад 17 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тав нь Ухань хотод, 11 нь Жилинь мужид бүртгэгдсэнээс долоо нь зөөвөрлөгдөн орж иржээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Жилинь мужид халдвар авагсад бүгд нэг гэр бүлийн гишүүд болон тэдэнтэй харьцсан хүмүүс гэнэ. Нөхцөл байдалтай холбогдуулан Жилинь муж халдварын аюулын түвшинг дундаас өндөрт шилжүүлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш Ухань хотод халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй тул дөрөвдүгээр сарын 18-наас хойш Ухань халдварын аюулын доод түвшинд шилжиж, мөн сарын 26-нд халдвар авсан хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарсан юм. Гэсэн ч өнгөрсөн бямба гарагт (2020.05.09) Ухань хотод нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй 16 өвчтөнийг илрүүлжээ.
Халдвар авсан хүн (89 настай) өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хойш гэрээсээ гараагүй бөгөөд гуравдугаар сарын 17-нд халуурах, чичрэх шинж тэмдэг илэрчээ. Тэрбээр 10 хоног эм уусны дараа бие нь илааршсан тул эмнэлэгт хандаагүй аж. Дөрөвдүгээр сарын 15-нд түүний хоолны дуршил буурч, тавдугаар сарын 6-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт түүнд хоёр удаа шинжилгээ хийсэн бөгөөд хоёулаа эерэг гарчээ.
Өнгөрсөн хугацаанд Хубэй мужид нийт 68129 халдварын тохиолдол илэрснээс Ухань хотод 50334 тохиолдол бүртгэгдэж, 63616 хүн эдгэрч (Уханьд 46464), 4512 хүн (Уханьд 3869) нас баржээ.
Одоогийн байдлаар Хубэй мужийн хэмжээнд 616 шинж тэмдэггүй өвчтөн эмч нарын хяналтад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yanaa ene aimshigiin wirvvs hezee daragdah ym be hilee l neej bolohgvu shv aij bna
Мэдээллийн эх сурвалж алга