Хятадын сувилагч Доналд Трампт ил захидал бичжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Хятадын нэгэн сувилагч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан Уханьд өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай өөрийн түүхийг өгүүлж, Америкийн ард түмэнд КОВИД-19 өвчний эсрэг тэмцэлд нь амжилт хүссэн ил захидал илгээсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 42 мянган эмч, эмнэлгийн ажилтан Хубэй мужийн мэргэжил нэгт нөхдийн хамтаар хүний амь насыг аврахаар өдөр шөнөгүй ажиллаж байсныг санаж байна гэж Ухань хотод томилолт аван ажилласан сувилагч бүсгүй бичжээ.

“Ухань явах өдөр АНУ-д Зул сарын баярын адил Хятадын хамгийн чухал баярын нэг болох Цагаан сарын битүүний өдөр гэр бүлээрээ цугларч байв. Би хүний амь аврах тангараг өргөж, үүрэг хүлээсэн эмнэлгийн ажилтан. Надтай адил 42 мянган эмч, эмнэлгийн ажилтан ямар ч эргэлзээгүй гэрээ орхин, өнцөг булан бүрээс Ухань хот руу яаран очиж, хүмүүсийн амь насыг аврахын тулд коронавирусний эсрэг тэмцэл өрнүүлсэн” гэж тэрбээр бичээд эхэндээ эмнэлгийн хэрэгслийн хомстол зэрэг хүндрэлтэй тулгарч байсан тухай өгүүлжээ.

“Хамгийн хүнд өдрүүд ард хоцорсон. КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүд, ялангуяа өндөр настнууд эдгэрч, эмнэлгээс гарах үед хамгийн ихээр баярладаг байв. Бид өндөр настай өвчтөн бүрийг өөрийн эцэг, эх шигээ халамжилж, 80 болон түүнээс дээш настай нийт 3.6 мянга гаруй өвчтөнийг эдгээснээрээ үнэхээр бахархаж байна” гээд “Ухань дахь эмнэлгийн ажилтнууд 108 настай буурал, төрөөд 30 цаг болоогүй нялх хүүхдийн амийг аврахын төлөө бүх хүчээ дайчлан ажилласан” гэж дурджээ.

“АНУ-ын олон иргэн энэ өвчнөөр шаналж байна. Америкийн олон эмч, эмнэлгийн ажилтан тэргүүн эгнээнд энэ өвчинтэй тэмцэн, мөн олон хүн хэнд ч хэлэлгүй бусдыг халамжлан асарч байна. Би тэдэнд хүндэтгэл үзүүлж байна” гэж захидалд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
т(66.181.184.186) 2020 оны 05 сарын 14

утга төгөлдөр алга

0  |  0
Top