Б.Цогзолмаа: Хүний эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэлтэй энэрэнгүй сайхан мэргэжлийн эзэн бол СУВИЛАГЧ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Мөнгөн гүүр” эмнэлгийн сувилахуйн албаны дарга, сувилахуйн ухааны магистр, Монгол Улсын тэргүүлэх зэргийн сувилагч Б.Цогзолмаатай ярилцлаа.


-Танд Олон улсын сувилагчийн өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс сувилагчдын өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ? Энэ жилийн сувилагчийн өдрийн хэрхэн угтаж байна вэ?

-Баярлалаа. Олон улсын сувилагчийн өдрийг Монгол Улсад 1996 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд Олон улсын сувилагчийн өдрөөр бид сувилагч мэргэжлээрээ бахархах, мэргэжлээ сурталчлах, ард иргэдэд нийгмийн рэүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа зөвлөгөө өгөхөд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд дэлхий дахиныг цочроосон  Коронавирүс буюу “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал үүссэн байгаа учраас бүх нийтийг хамарсан мэдээлэл зөвлөгөөг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулж ихэнх тохиолдолд онлайнаар явуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас энэ жилийг “Сувилагч, эх баригчийг дэмжих жил” гэж зарлан “Бүх нийтийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг” сэдвийн хүрээнд энэ жилийн сувилагчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс бид цар тахлын үед эмнэлгийн байгууллага болзошгүй аюулд бэлэн байх, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-ДЭМБ-аас сувилагчийг дэмжих жил болгон зарласан байна. Сувилагчийг дэмжих шаардлагын талаар та тайлбарлахгүй юу?

-Манай орон төдийгүй дэлхий нийтэд сувилагч мэргэжил дутагдалтай байгаа бөгөөд хамгийн хэрэгцээтэй 10 мэргэжлийн тоонд сувилагчийн мэргэжил орж байна. Тэр ч утгаараа ДЭМБ-аас энэ жилийг  сувилагчийг дэмжих  жил болгон зарласан.  Энэ дагуу сувилагчийн хүний нөөцийн асуудалд эмнэлэг болгон анхаарч, сувилагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн нэр хүндийг дээшлүүлэх цалин урамшууллыг нэмэгдүүлэх зэрэг үе шаттай ажлуудыг зохион байгуулж байна.

Өнөөдөр их, дээд сургуулиудад хангалттай хэмжээний оюутан төгсөж байгаа  хэдий ч 100 хувь эрүүл мэндийн салбарт ажиллахгүй байна. Энэ шалтгаан нь сувилагчийн нэр хүнд, цалин урамшуулал, нийгмийн хамгааллын асуудал зэрэгтэй холбоотой.

-Жишээлэхэд, танай эмнэлэг сувилагчийг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

“Мөнгөн гүүр” эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 6 тасаг, нийт 11 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай эмнэлгийн сувилахуй алба 70 сувилагч, тусгай мэргэжилтэнтэй. Үүнээс 67.3 хувь нь бакалаврын боловсролтой. Мэргэжлийн зэрэгтэй сувилагч 10 хувийг эзэлж байна. Яг өнөөдрийн байдлаар манайх сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хувьд дутагдалгүй ажиллаж байна. Гэхдээ сувилагч тусгай мэргэжилтнүүдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг учраас хүний нөөцийн эргэц ихтэй байдаг.

Эмнэлэгт ачааллыг жигд хуваарилах мэргэжил дээшлүүлэх боломж олгоход анхаарч, зохицуулалт хийж ажилладаг. Мөн сувилагч нарынхаа ажилласан жил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн урамшууллыг цаг хугацаанд нь олгоход онцгой анхаардаг.  Цалин урамшууллаас гадна эмнэлгийн дотоод уур амьсгал нийгмийн асуудал шийдвэрлэх байдал, орчин нөхцөл нь сувилагч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахад чухал нөлөө үзүүлдэг. Манай эмнэлэг энэ байдлыг анхаарч  ажилладаг учраас сувилагч нар маань “Мөнгөн Гүүр” эмнэлэгтээ ажиллах дуртай байдаг.

-Сувилагчийн хүрэлцээтэй байдал нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг байх. Танай эмнэлгийн хувьд нэг сувилагчид хэдэн үйлчлүүлэгч оногддог вэ?

-Сувилагчийг тогтвортой ажиллуулна гэдэг нь тухайн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлдөг. Харин орон тооны дутагдалтай нөхцөлд ачаалал нэмэгдэж, чанарт сөргөөр нөлөөлнө. Стандартад 6-7 оронд  1 сувилагч гэж заагдсан байдаг. Эмнэлгийн зүгээс өөрсдийнхөө үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулах, сувилагчийн орон тоог стандарт хэмжээнд барих бодлого баримталж ажилладаг. Сүүлийн үед улс орны хэмжээнд туслах сувилагчийн орон тоог баталж ажиллуулсан нь сувилагчийн ажлын ачааллыг хөнгөлөх, тусламж үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлж байгаа учраас бид тасаг болгондоо туслах сувилагч ажиллуулсан нь тусламж үйлчилгээний чанарт эерэгээр нөлөөлж байна.

-Иргэдийн хувьд сувилагчийг тариа тарьдаг хүн гэж төсөөлөх нь бий. Гэтэл докторын зэрэгтэй сувилагч олон болсон байна. Сувилагчийн сурч боловсрох боломж хэр байдаг вэ?

-Хүмүүс сувилагчийг тариа хийдэг, эм өгдөг хүн гэсэн ойлголттой байдаг. Гэтэл дэлхий дахинд сувилахуйн ухаан нь шинжлэх ухаан болон хөгжөөд байна. Бүр 1800-аад оны үеэс “сувилахуй” гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ жил сувилахуйн ухааныг үндэслэгч Ф.Найтегелийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.

Манай улс 1996 оноос эхлэн бакалаврын боловсролтой сувилагчийг бэлтгэж эхэлсэн. Энэ цаг үеэс өмнө сувилагч бол эмчийн туслах, дунд мэргэжилтэн гэж нэрлэгддэг байлаа. Харин одоо сувилагч тусгай мэргэжилтэн гэж нэрлэдэг болсон.

Өнөөдөр бакалавр, магистр, доктор сувилагч нар олон боллоо. Одоогийн байдлаар Монгол Улсад 16 доктор, 300 гаруй магистр сувилагчтай болсонтой болсон.                  

Магистр, доктор сувилагч нар олноор төрөн гарч байгаа нь судлаач сувилагчид нэмэгдэж байна гэсэн үг. Сүүлийн үед нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.

 -Нотолгоонд суурилсан сувилахуй гэхээр сувилагч онош тавина гэсэн үг үү?

-Судалгаанд суурилна гэсэн үг. Сувилагч хүний хийж байгаа ажил бүхэн судалгаа байдаг. Хүмүүсийн өвчний түүх дээр тухайн хүний өвчний бүхий л мэдээлэл байдаг. Үүнтэй адил сувилахуйн түүхийг сувилагч нар хөтөлж сувилахуйн онош тавина. Яг эмчтэй адилхан сувилахуйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өвчтөнөө үнэлнэ, оношилно, төлөвлөнө, төлөвлөснийхөө дагуу сувилгааны тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Тэгээд дүгнэлтээ гаргана. Өвчтөн болгоны судалгааг цуглуулснаар ижил төрлийн өвчтөнийг сувилах аргачлал сууна. Хүн болгоны бие онцлогтой. Энэ болгон дээр судалгаа хийснээр оновчтой сувилгааг үзүүлэх боломж бүрддэг юм.

-Таны хувьд эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би эрүүл мэндийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Бидний төгсөлтийн үед улаан зураасаар жагсаадаг байлаа. Тэр үед хүн болгон эмч болохыг хүсдэг байсны адил би эмч болохоор шалгалт өгсөн ч оноо маань дутчихсан юм. Анх сувилагчийн сургуулиа төгсөөд сувилагчаасаа эмч болно гэж боддог байлаа.  Хүний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг, энэрэнгүй сайхан мэргэжлийн эзэн бол сувилагч гэдгийг мэдрэх сайхан байдаг. Миний хувьд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө эмнэлгийнхээ сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж залуу сувилагчдад зааж сургаж байна. Өнөөдөр би сувилагч мэргэжил эзэмшсэнээрээ бахархаж явдаг. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн онцлог нь хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж тэдний талархсан сэтгэлийн үгийг сонсох нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг.

-“Сувилахуй” гэдэг үгийг шинжлэх ухаанд хэрхэн тодорхойлсон байдаг юм бол?

-“Сувилахуй” гэдэг үг өөрөө энэрэнгүй зөөлөн, нинжин сэтгэл гэдэг үгийг илэрхийлж байдаг. Америкийн сувилахуйн холбооноос “Өвчтөнд бий болсон буюу бий болох зовиурыг илрүүлэн оношилж, асран сувилж, илааршуулах үйл явцыг сувилахуй гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

Сувилагч нар сувилгааныхаа оношийг тавихдаа орчин, хооллолт, хувцаслалт, шинж тэмдгийн асаргаа сувилгаа, сэтгэл зүй гэсэн үндсэн ойлголтод тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Эндээс харахад сувилагч гэж ганцхан тариа хийж, эм өгдөг хүн биш харин өвчтөний хамгийн ойр дотнын зөвлөгч, эрүүл мэндийн боловсрол олгогч, сэтгэл зүйч  гэх мэт олон ажлыг хийдэг мэргэжилтэн юм.

Орчин цагт хүмүүс эмнэлгийн талаарх буруу ташаа мэдээллийг нийгмийн сүлжээнээс авах боломжтой болсон. Иймээс зөв мэдээллийг эмнэлгийн мэргэжилтнээс илүү мэдлэгтэй байж ард иргэдэд зөвлөх нь чухал юм. Тийм учраас сувилагч, тусгай мэргэжилтнүүд тасралтгүй суралцаж, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж байх хэрэгтэй.

-Та мэргэжил нэгт сувилагчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Сувилахуйн асаргаа сувилгаагүйгээр анагаах ухааны ололт амжилтыг төсөөлөх арга байхгүй. Бид дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд сувилахуйг бүхий л талаар нь бие даасан байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Сувилахуйг бие даасан байдлаар хөгжүүлэхийн тулд сувилагч нар тасралтгүй суралцах нь чухал байна. Харин залуу сувилагчдад хэлэхэд мэргэжилдээ хайртай байхыг зөвлөмөөр байна. Сургуулиа дөнгөж төгссөн сувилагч нар шантарч, мэргэжлээ өөрчлөх оролдлого хийдэг. Нэгэнт та сувилагч болсон бол тасралтгүй суралцахыг зөвлөе. Мэргэшсэн чадварлаг сувилагч болж ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн мэргэжилтэн болох боломж сувилагч бүхэнд бий.

Нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ олон улсын сувилагчийн өдрийн мэндийг хүргэж мэргэжлээрээ бахархаж мэдлэгээрээ гайхагдсан чадварлаг мэргэжилтэн болж үргэлж манлайлж явахыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(122.201.22.241) 2023 оны 04 сарын 25

Hun buhen haragdaj bga shige saihan bish yrij bga shige mundag bish

1  |  4
tuvshee(103.57.92.71) 2023 оны 04 сарын 25

mundag daichin ajilsag javhaalag busguidee amjilt husen eruue. dotroosoo gereltsen jinhene suvilahuin hun shuu

3  |  1
Зочин(202.70.40.186) 2020 оны 10 сарын 12

Маш сайхан ярилцлага болсон байна.Сувилагч бүр уншиж эзэмшсэн мэргэжлээрээ бахархах байхаа гэж бодож байна.

1  |  0
erdenetees(66.181.178.118) 2020 оны 10 сарын 12

цогзолмаа эгчдээ амжилт хүсье.

1  |  0
Zochin(66.181.161.77) 2020 оны 10 сарын 12

Naizdaa bayariin mend hurgie.Chamaaraa baharhdag shu

1  |  0
Top