ТӨСӨВ: Тонн зэс тутамд 700 ам.долларын АЛДАГДАЛ хүлээж байна

2020 оны 05 сарын 12

Монгол Улсын экспортын гол нэрийн барааны нэг зэсийн ханш өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр  5231 ам.доллар байна. Энэ сарын 5-нд тонн зэс 5127 ам.доллар байсан юм.

Манай улс   оны эхний гурван  сарын гүйцэтгэлээр 306.6 мянган тонн зэсийг  351.2 сая ам.доллароор экспортолсон. Энэ  нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 54.8 мянган тонн буюу 15.2 хувиар, үнийн дүнгээр 152.6 сая ам.доллар буюу 30.3 хувиар буурсан байна.

Энэ  онд Монгол Улс уул уурхайн салбараас гурван их наяд гаруй төгрөг олохоор тооцсоны 30  хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олох төсөөлөлтэй. Тонн зэсийн зах зээлийн ханшийг  5991 ам.доллар байна хэмээн тооцож, орлогоо тооцсон. Тэгэхээр өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд төсвийн орлого тонн зэс тутмаас 700 ам долларын алдагдал хүлээж байна гэсэн үг.

Сануулахад, дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн сааралт  болон коронавирусний  өвчлөлийн дэгдэлт богино хугацаанд намжихгүй байх эрсдэл зэрэг нь  зэсийн зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж, Лондонгийн металлын бирж дээрх цэвэр зэсийн үнэ хоёрдугаар сард дунджаар 5688, гуравдугаар сард  дунджаар 5183  ам.доллар/тонн болж буурсан юм.

Коронавирусний тархалт АНУ, Евро бүсийн орнуудад нэмэгдсэн нөлөөгөөр зэсийн эрэлт саарахаар байгааг шинжээчид хэлж буй.Гэхдээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 91 хувийн потенциалаар ажиллаж байгаа гэсэн мэдээ үнэ өмнөх сараас бага зэрэг нэмэгдэхэд голлон нөлөөлж буй аж. 

Цаашид коронавирусний нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах нь металлын эрэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг шинжээчид сануулж байна. 




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top