ЭМЯ: 982 хүн ажиглалтад, 450 иргэн гэртээ тусгаарлалтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.12/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 4.250 сая халдварын тохиолдол илэрч, 286 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 72 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Гадаад улс оронд хорионы дэглэмээ сулруулснаас халдвар дахин тархаж байна. БНХАУ-ын Уханьд хорионы зэрэглэлээ буулгаснаас өнгөрсөн долоо хоногт нэг байранд таван тохиолдол батлагдаж, дахин сэргэлээ. Коронавирусний халдварыг тогтоолоо гэж зарласан БНСУ-д ганц хүнээс болж, өчигдөр 62 хүн халдвар авч, 2 хүн нас барлаа. Анхаарлаа сулруулж болохгүй гэж ЭМЯ-наас анхааруулж байна.  

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. 2 хүн удахгүй эмнэлгээс гарах гэнэ. 

Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулжээ. Өчигдөр 4 лабораторид 80 шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. 

Одоо 982 хүн ажиглалтад байна. 450 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа. 119 утсанд нийт 241 дуудлага ирсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ
 

Top