ОХУ-д эмнэлэгт гал гарч, халдвар авсан таван өвчтөн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гэгээн Георгийн эмнэлэгт гал гарсны улмаас амьсгалын аппарат ашиглаж байсан таван өвчтөн амиа алджээ. Тус эмнэлэг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч байгаа аж.

Санкт-Петербург хотын прокурор Павел Даниловын мэдээлснээр, шинжээчид дөрвөн өвчтөн галын улмаас амиа алдсаныг тогтоосон бол одоо хажуу талын өрөөнд эмчлүүлж байсан тав дахь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Өвчтөнүүд бүгд халдвар авсан байсан бөгөөд биеийнх нь байдал хүнд байжээ.

Гал гарсантай холбогдуулан эмнэлгээс 150 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Урьдчилсан дүгнэлтээр гал амьсгалын аппаратад богино холбоо үүссэнээс болж гарсан гэж үзэж байна. Галын шалтгааныг тогтоож байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

ОХУ  шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 232243-д хүрснээр дэлхийд хоёрт бичигджээ.

Өнгөрсөн нэг хоногт тус улсад 10899 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top