ТОЙМ: Нүүрсний экспорт гадаад худалдааны нөхцөлийг САЙЖРУУЛЛАА

2020 оны 05 сарын 22

Энэ оны эхний улирлын байдлаар эдийн засаг  өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшсаныг статистик харуулж буй. Эдийн засаг агшихад коронавирусний улмаас уул уурхай, үйлчилгээний салбарын идэвхжил буурсан нь нөлөөлсөн байгаа юм. Тэгвэл  дөрөвдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нөхцлийг илтгэх тоонууд ямар байгааг  Төв банкны тойм мэдээлэлд тулгуурлан хүргэе. 


 

Оны эхний дөрвөн  сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 31 хувиар буюу 1,318 сая ам.доллароор буурч 2,960 сая ам.доллар болжээ.  Үүнд:

 

  • Экспорт 45 хувиар буюу 1,138 сая ам.доллароор
  • Импорт 10 хувиар буюу 180 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ.

 

Дөрөвдүгээр сарын байдлаар  худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 959 сая ам.доллароор буурч 213 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 58 хувь буюу 1,727 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 17 хувь буюу 494 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.

ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс гурван хувиар, БНХАУ-тай хийсэн худалдаа 38 хувиар буурчээ.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан бол өмнөх сараас гурван хувиар өсч 1.749-д хүрчээ.

Худалдааны нөхцөлийн индекс өмнөх оны мөн үеэс муудахад зэсийн болон чулуун нүүрсний үнийн индекс буурснаар тайлбарлагдаж байна.

Харин өмнөх сараас сайжрахад чулуун нүүрсний экспортын үнэ өссөнөөс голлон шалтгаалжээ.


ЭКСПОРТ

2020 оны эхний  дөрвөн  сарын экспортын  гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар буюу 1,138 сая ам.доллароор буурав. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь нийт экспортыг 40 нэгж хувиар бууруулах чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс хоёр нэгж хувиар өссөн бол мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 2.4 нэгж хувиар буурчээ.

Оны эхний дөрвөн сард уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 876 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 140 сая ам.доллароор буурчээ.

Үүнээс чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 657 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 185 сая ам.доллароор тус тус буурав. Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээний бууралтаас шалтгаалж 48 сая ам.доллароор, үнийн өөрчлөлтөөс шалтгаалан 40 сая ам.доллароор буурсан байна.

Дэлхийн зах зээл дээрх нэг  унц алтны дундаж үнэ дөрөвдүгээр сард 1,686 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 31 хувиар, өмнөх сараас зургаан хувиар өслөө.

“А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс болон төмрийн хүдрийн дундаж үнэ дөрөвдүгээр  сард харгалзан 5,058; 85 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 21 хувиар, төмрийн хүдэр 10 хувиар буурсан, зэсийн үнэ өмнөх сараас хоёр хувиар, төмрийн хүдэр  таван хувиар буурсан байна. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ дөрөвдүгээр сард 82 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс зургаан хувиар  буурсан бол өмнөх сараас 19 хувиар өсжээ.


ИМПОРТ

Оны эхний дөрвөн  сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10  хувиар буюу 180 сая ам.доллароор буурав. Импортын 10 нэгж хувийн бууралтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт таван нэгж хувийг, нефтийн болон хэрэглээний бүтээгдэхүүний бууралт тус бүр гурван  нэгж хувийг бүрдүүлж байна.

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт оны эхний дөрвөн  сарын гүйцэтгэлээр 80 сая ам.доллароор, нефтийн бүтээгдэхүүний импорт 61 сая ам.доллароор, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 49 сая ам.доллароор буурсан бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт 10 сая ам.доллароор өссөнөөр нийт импорт 180 сая ам.доллароор буурчээ.

Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 36 хувиар, өмнөх сараас 31 хувиар тус тус буурч тонн тутамд 418 ам.долларт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top