ТОЙМ: Шатахууны үнэ ГУРВАН УДАА БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Шатахууны үнэ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн буурсан талаар өмнө нь мэдээлсэн. Зарим мэдээллийг тодотгон хүргэе.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны нэгдүгээр сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол 2020 оны тавдугаар сард шатахууны хил үнэ өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллароор буурчээ.

ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд дараах байдлаар үнээ бууруулжээ. 

 

 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн:

 

  •  А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр

 

2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн: 

 

  • А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр

 

 2020 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс  эхлэн:  

 

  • А-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөгөөр бууруулжээ.

 

Ингэснээр  нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин - 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, дизелийн түлш - 1990 төгрөг байна.


 

Дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл 

2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35,77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17,5 хувиар өссөн үзүүлэлт.

2020 он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд “COVID-19”-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 2020 оны  дөрөвдүгээр сард ОПЕК+орнууд өдрийн олборлолтоо 2020 оны тавдугаар сарын 1-ний  өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь “Брент” төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ.


 

Шатахууны импортын мэдээлэл 

Улсын хэмжээнд 2020.01.01-2020.05.19-ний хугацаанд нийт 355,5 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлогджээ.


 

Шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээлэл 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонн хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

2020 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 61, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.212.118.147) 2020 оны 05 сарын 26

Шатахууны үнэ сүүлийн 4 жилд нэлээн нэмэгдсэн байх шүү харин одоо бууруулж 3 жилийн өмнөх түвшинд хүргэж чадах болов уу

0  |  0
Top