Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч ФИТЧ (Fitch) агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээжээ.
ФИТЧ-ийн мэдээлэлд түүхий эдийн экспортоос хамааралтай Монголын эдийн засаг коронавирусний улмаас агшиж, ДНБ нь огцом буурч, төсвийн санхүүжилт муудаж буйг тодотгожээ. Гэхдээ урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг тогтвортой хэвээр үлдээсэн нь эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал түр зуурынх бөгөөд эргэн хүчтэй сэргэж магадгүй гэсэн таамаглалд суурилжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2021 оноос эхлэн буурна гэдгийг онцолсон байна.
Тус рейтингийн агентлаг 2020 онд Монголын эдийн засгийг хоёр хувиар агшина гэж тооцжээ. Экспортын 90 орчим хувийг эзэлдэг Хятадын эрэлт хоёрдугаар улиралд өснө гэж тооцсон байна. Хятадын эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл дөрөвдүгээр сараас эхлэн сайжирсан учраас ийнхүү үзжээ.
Монгол Улсын ДНБ эхний улиралд 10.7 хувиар буурсан нь коронавирусний халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс болсон гэж тодотгожээ. Түүнчлэн Монгол Улс цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгааг онцолсон байна.
Ирэх дөрвөн жилд 15 тэрбум шүргэх ам.долларын өр төлөхийн тулд дахин санхүүжилт босгох шаардлагатай Монгол Улс зээлжих зэрэглэл ТОГТВОРТОЙ хэвээр үлдэнэ гэдэг сайн мэдээ юм.
Сэтгэгдэл ( 0 )