Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа оны эцэст 70 хувь болж ӨСНӨ

2020 оны 06 сарын 02

Фитч агентлаг Монгол Улсын төсвийн алдагдлыг энэ онд ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм.

 Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэнэ гэж тооцоолжээ. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна.

Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол 2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглажээ. Фитчийн төсөөлж буйгаар Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна.

Энэ нь одоогийн “B” зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур үзүүлэлт  юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон гэж Фитч үзлээ.

Тодотгоход, Фитч агентлаг  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top