Эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ

2020 оны 06 сарын 02

"Банкны ажилтны өдөр" тохиож буйтай холбогдуулан Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлжээ.

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!

Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголбанкны хувьд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилд банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж ирлээ.

Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, өрийн дефолтод орохоос зайлсхийх хөтөлбөр, арга хэмжээг Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Үүний үр дүнд сүүлийн гурван жилд инфляц зорилтот найман хувийн түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5 хувиас давж, гадаад валютын нөөц есөн сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Энэ нь дэлхий даяар тархсан коронавирус (Ковид-19)-т цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн чадавх, дархлааг бий болгох суурь болж байна. Эдийн засгийн хүндрэлийг сөрөг нөлөө багатайгаар даван туулах зорилгоор Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын сан (ОУВС)-ын Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улс хамрагдаж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээрийг эцэслэн тохирлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, дэлхийн банк болон бусад доноруудын дэмжлэг, санхүүжилт үргэлжлэн орж ирэхээр хүлээгдэж байна.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Холбогдох тайлангаа 2020 оны нэгдүгээр сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурал болон 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар амжилттай танилцуулж, хамгаалав. Үүний үр дүнд ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн зургаан ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг ирүүллээ. Цаашид Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ.

Монголбанкнаас эдийн засагт тулгарч буй сорилтыг хохирол багатай даван туулахад шаардлагатай бодлого, арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх, эдийн засгийн идэвхжилийг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Энэ зорилтыг амжилттай ханган биелүүлэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг ерөөе!” гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.92.151) 2020 оны 06 сарын 02

Долларын ханшийг буулгаачээ. Яаж хямруулаад долларыг 3000 болгодог байнаа.

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 06 сарын 02

Тэндээс тйим тусламж эндээс ийм хандив гэхийх оронд ЖДҮ энээ тэрээгээ дэмжээд өөрсдөө мөнгө үржүүлж болдоггүй хорвоо юу? Яагаад дандаа Увсынхан энэ санхүүгийн системийг удирддаг, тэгээд Монгол Улс нэг л өөдлөхгүй байна???

0  |  0
Top