Энэ оны гуравдугаар улиралд автомашин болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад тогтвортой бол томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт бага зэрэг буурахаар байгааг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа харуулж байна.
Тодотгоход, хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь эдийн засаг өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал түрүүлэгч индикатор.
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт. Тиймээс хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ авдаг. Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний төлөвлөлтийг хоёр улирлын дараах ДНБ-ий өсөлтийн динамиктай харьцуулсныг зурагт харууллаа.
Эдгээр нь өсөлтийн трендтэй нэлээд ойрхон хамааралтай байгааг харж болно. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө болон автомашины худалдан авалтын төлөвлөлт нь ДНБ-ний өсөлттэй илүү ойрхон хувьсдаг байна.
Эхэнд хэлсэнчлэн, 2020 оны гуравдугаар улиралд автомашин болон үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт 2019 оны мөн үе болон дундажтай харьцуулахад тогтвортой. Харин томоохон эд хогшил болон цахилгаан барааны эрэлт бага зэрэг буурахаар байна.
Ирэх зургаан сарын хугацаанд нийт иргэдийн 17.4 хувь нь машин, 8.2 хувь нь үл хөдлөх хөрөнгө, 15.1 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )