Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2810.94 төгрөгтэй тэнцүү байна. Өчигдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 26 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт нэг ханшаар буюу 2808.97 төгрөгөөр нийлүүлсэн байна
Коронавирусний нөлөөллөөр хөгжиж буй улс орнуудад ханшийн хүчтэй савлагаа ажиглагдаж байгаа. Манай тухайд ч түүхий эдийн үнэ унаж, экспортын орлого 40-50 хувь буурснаар валютын орлого татарсан үед ханшийг тогтвортой байлгах арга зам бий юу гэдэг асуулт хариулт нэхэж байгаа.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үүнд дараах байр суурийг илэрхийлж байна.
“Цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй эдийн засгуудын экспортын орлого унахын зэрэгцээ түүхэн дээд 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30 хувь сулраад байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7 хувь суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байсан. Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбум ам.долларын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокийн энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн дөрөв, тавдугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )