Коронавируснээс үүдэлтэй шокийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Төв банк бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Тэгвэл авч хэрэгжүүлж буй шийдвэр, арга хэмжээнүүдийн эерэг нөлөө эдийн засагт хэрхэн тусгалаа олж, иргэд аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байна вэ. Зээл, хүүнд нөлөөтэй байж чадсан уу гэдэгт дараах мэдээллийг өгч байна.
“Онцгой үеийн шийдвэрүүд, ялангуяа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээсэн шийдвэрүүдийн нөлөө шууд илэрч байгаа. Тухайлбал, банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэлээ. Мөн коронавирусний нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хүндрэлийн энэ үед банкны систем тогтвортой байж, санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маш чухал юм. Банкууд өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.5 их наяд төгрөгийн зээлийг эдийн засагт нийлүүлснээс 690 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, бизнесийн зээл жилийн 3.3 хувийн өсөлттэй байв. Хүүний хувьд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, тогтворжуулах цогц арга хэмжээ, Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүү 2019 оны эцэст 16.9 хувь болж, 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан. Төгрөгийн зээлийн хүү эдийн засагт эрсдэл нэмэгдсэн сүүлийн саруудад ч 16 хувь орчимд хадгалагдахын зэрэгцээ буурах хандлага нь үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )