Донор орнуудаас 700-800 орчим сая ам.доллар орж ирэх ХҮЛЭЭЛТТЭЙ байна

2020 оны 06 сарын 13

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2813.32 төгрөг байна.  Тэгвэл сарын дундаж ханш тавдугаар сард 2797.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан үзүүлэлттэй байв.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш гурав орчим хувиар суларсан нь Монгол Улстай ижил төстэй бусад оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа үзүүлэлт гэж Төв банкнаас  мэдэгдэж байна.

Энэ нь нэг талаас Монголбанк дотоодын захад идэвхтэй оролцож, ам.доллар нийлүүлж байгаатай холбоотой гэв. Төв банкны  Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас өгч буй мэдээллээр “Он гарснаас хойш Монголбанк нийтдээ валютын захад 1.4 тэрбум орчим ам.долларыг нийлүүлсэн.  Нөгөө талдаа 800 орчим сая ам.долларыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Ингээд цэвэр дүнгээр 600 орчим сая ам.долларыг дотоодын захад нийлүүлсэн.  Монголбанкны зүгээс энэ онд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа. Учир нь энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 700-800 сая ам.долларын алдагдалтай гарна гэж төсөөлж байна. Мөн үүн дээр өнгөрсөн долоо хоногт ОУВС-гаас баталсан “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт орж ирсэн. Мөн бусад улс орон, донор орнуудаас 700-800 орчим сая ам.долларын урсгал орж ирэх хүлээлт бий. Дотоодын нүүрсний экспорт сайжирч байгаа. Бидэнд байгаа мэдээллээр өдөртөө 1000 гаруй машин хилээр гарч байна. Ингээд цаашдаа дэлхийн эдийн засгийн хандлага эерэг болоод, Монгол Улсын экспорт сэргэвэл төгрөгийн ханшид ирэх дарамт сулрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Дотоодын банкуутай своп хэлцэл хийж байгаа нь цар тахалтай холбоотойгоор эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдээс болж  зарим банкуудын хувьд төгрөгийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулаад, Монголбанкнаас банкуудтай ам.долларын своп хэлцлийг хийж байна” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top