Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 13

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний таван сард  5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9  их наяд төгрөг буюу 27.3 хувиар буурчээ. Үүнд:

 

  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөг буюу 34.6 хувиар 

 

  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 230.3 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

 

  • Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 67 тэрбум төгрөг буюу 12.7 хувиар өсжээ.

 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолт 1.3 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 331.6 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 113.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Оны эхний таван сард төмрийн хүдэр болон алт олборлолт өмнөх оны мөн үеэс 5.3-46.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, шохой, шингэн сүү, гурил, ус, ундаа, жүүс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8-23 хувиар тус тус өсжээ. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 3.9-18.7 дахин өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буурчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2.6 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 361.0 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын борлуулалт 67.8 тэрбум төгрөгөөр өсжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 752 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлжээ. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 2.9 их наяд төгрөг буюу 53.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top