Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж нийт 70 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолд тусгагдсан Хорооны хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж, эрчимжүүлэх хэд хэдэн шийдвэр гаргажээ.
Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “тэглэх”, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэжээ.
Мөн хуралдаанаар “Лэндмн ББСБ” ХК-ийн зах зээлд нээлттэй санал болгох таван тэрбум төгрөгийн “Лэнд бонд”-ыг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн нь 2018 оноос хойш, түүнчлэн КОВИД-19 вирусний цар тахлын дэгдэлт манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж буй энэ үед хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид сорилтыг боломж болгох, компанийн бондын зах зээл хөгжих бололцоо буйг харуулсан үйл явдал боллоо гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна.
“Ард менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэж, олон нийтээс хөрөнгө татах зөвшөөрлийг олгожээ. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай сангийн хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг зургаан сарын дотор татан төвлөрүүлэх юм. 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хэлбэртэй байх ба нээлттэй, хаалттай гэсэн төрөлтэй байхаар тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Хороо хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох чиглэлээр 27 компанид хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, хувийн 17 хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах мэдүүлгийг бүртгэжээ.
Үүний зэрэгцээ Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн 3 хувь, нийт батлан даалтын хэмжээг өөрийн хөрөнгийн хэмжээнээс 20 дахин нэмэгдүүлэхээр тогтоолоо. Энэ шийдвэр нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн батлан даалт авах боломжийг нэмэгдүүлэх, өрийн дарамтыг багасгах, зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
Хуралдаанаар зарим нэр бүхий компаниудад итгэлцлийн үйлчилгээ болон цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн бол даатгалын хохирол үнэлэгч 1 компани болон нэр бүхий 6 хадгаламж зээлийн хоршоодын тусгай зөвшөөрлийг сэргээсний зэрэгцээ, 1 даатгалын хохирол үнэлэгч, 1 үнэт цаасны компанийн брокер, дилер, андеррайтер, нэр бүхий 3 хөрөнгө оруулалтын менежментийн компани, 4 хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )