Хятадын эдийн засагт  ЭРСДЭЛ өндөр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Бээжин хотын  Фэнтай дүүрэг дахь  “Синьфади” захаас коронавирусний халдвар илэрсэн нь Хятад улсад эрсдэл  өндөр байгааг харуулж байна.

Уг нь коронавирусний тархалтыг хумьж, эдийн засгаа идэвхжүүлсэн шийдвэрүүд гаргаж буйгаа тус улсын зүгээс мэдэгдэж байгаа.  Гэсэн ч  тархалт эргэн идэвхжих магадлал өндөр байгаа нь эдийн засаг дахь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Тус улсын эдийн засаг нэгдүгээр сард 55 хувийн потенциал түвшнээр ажиллаж байсан бол энэ сарын  2-ны байдлаар  80-85 хувийн потенциалаар ажиллаж байгааг Блүүмбергийн үзүүлэлтүүд харуулж байгаа. Хөл хориог сулруулаад хоёр сар өнгөрч байгаа энэ үед эдийн засгийн сэргэлт нь эрчимжихгүй байна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Түүнчлэн аж үйлдвэрийн Caixin PMI индекс  тавдугаар  сард 50.7 хүрч, аж үйлдвэрлэлийн идэвхжил алгуур сэргэж байгаа  ч хэвийн түвшинд хүрэх хараахан болоогүй. Индексийн бүлгүүдээр задалж харвал хөдөлмөр эрхлэлтийн түвшин тавдугаар  сард өмнөх сараас бага зэрэг сэргэсэн хэдий ч агшилттай хэвээр байна. Индексийн бүрэлдэхүүн дундаас үйлдвэрлэлийн салбар гурван сар дараалан тэлснээр сэргэлт үргэлжлэх дохио өгч байгаа бол захиалгын бүлэг бууралттай хэвээр байгаа нь үйлчилгээний эрэлт төдийлөн нэмэгдээгүйг илтгэж байна гэж судлаачид дүгнэж буй юм.

Тус улсын гангийн нийт экспорт оны эхний дөрвөн  сард 20.6 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурсан бол гангийн импорт 4.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Коксжих нүүрсний нийт импорт дөрөвдүгээр  сард өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар буурч 6.3 сая тоннд хүрсэн. Оны эхний дөрвөн сараар авч үзвэл 27.3 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Харин коксжих нүүрсний экспорт дөрөвдүгээр  сард 0.14 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 30.5 хувиар буурсан, оны эхний дөрвөн  сараар авч үзвэл 0.35 сая тонн хүрч өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар буурсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top