КОВИД & Эдийн засгийн ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Коронавирус цар тахлын нөлөөлөл эдийн засагт хэрхэн тусаж буйг 2020 оны эхний  таван  сарын эдийн засаг, нийгмийн төлөв байдлын мэдээлэлд тулгуурлан харъя.

Үндэсний статистикийн хорооноос зургаадугаар сарын  12-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр  оны эхний таван  сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс: 

 

  • Инфляц 3.3 хувь
  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 19 хувь
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 34.6 хувь
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 16.1 хувь
  • Экспорт 38.5 хувь
  • Импорт 13.9 хувь  тус тус буурчээ.

 

  •  Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 29.3 хувь
  •  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 39.5 хувь
  •  Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 39 хувь  тус тус өсжээ.

 


 

ҮСХ-ны мэдээллээр коронавирус цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн байна.

Үүний нөлөөгөөр гадаад худалдааны нөхцөл муудаж, экспорт буурснаар төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 874.1 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 442.3 сая ам.доллароор өсжээ.

Дэлхий нийтийг хамраад буй халдварт өвчний тархалт манай улсын боловсруулах аж үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байна. Нэн ялангуяа үйлдвэрлэлийн түүхий эд, материал болон сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог төмрийн үйлдвэрлэл, тамхи, химийн бүтээгдэхүүн, резин болон хуванцар бүтээгдэхүүн, хувцас, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 2.9-52.5 хувиар буурсан байна.

Хэдийгээр хорио цээрийн дэглэмд буй ч ачаа тээвэрлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүй байх нь эдийн засгийн эргэлтийг хэвийн байлгахад чухал үүрэгтэй хэмээн үзэж, УОК-ын шийдвэрээр зарим боомтууд ажиллаж, ачаа тээврийн үйл ажиллагаа явагдаж байна.

Төмөр замын тээврээр 2020 оны эхний таван сард 12 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 (9.9%) сая тонноор өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал төмрийн хүдэр, жонш, нүүрсний тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 45.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байгаа ба жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний 4 сард 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Иргэд ЭМЯ-ны заавар, зөвлөгөөг сайн дагаж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн нь амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин доод түвшинд хүрч, буурахад нөлөөлсөн байна.

Үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудыг хэсэгчлэн хааж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, иргэдийг аль болох гэртээ байхыг уриалж байгаа нь хөл хорио тогтоогоод буй хугацаанд нийт гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top