Хятадын үйлдвэрлэлийн индекс 3.7 хувиар буурав

2020 оны 06 сарын 19

Монгол Улсын  цөөн нэр төрлийн түүхий эдийн  экспортын гол зах зээл Хятад улсад коронавирусний эрсдэл өндөр хэвээрээ байна. Хэдийгээр цар тахлын тархалтыг хумьж чадлаа гэж мэдэгдэж байсан ч нөхцөл байдал тийм ч амар хэвийн байдалдаа орохгүй гэдэг нь батлагдаж буй юм. 

Тус улсын үйлдвэрлэгчдийн үнийн индекс дөрөвдүгээр сард 3.1 хувиар буурсан бол тавдугаар сард хүлээлтээс доогуур  3.7 хувиар буурсан. Гадаад эрэлт төдийлөн нэмэгдээгүй, түүхий эдийн эрэлт бага байгаа нөлөөгөөр тус индексийн хүнснээс бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ үргэлжлэн буурчээ.

Төмрийн хүдрийн үнэ дөрөвдүгээр  сард өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар, тавдугаар  сард найман хувиар буурсан. Газрын тос, байгалийн хийн үнэ өмнөх оны мөн үеэс 57.6 хувиар буурсан боловч газрын тосны үнэ эргээд нэмэгдэж эхэлснээр Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн индексийг  бууруулах дарамт багасах төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байв.

Гэтэл коронавирусний халдвар Бээжин болон хэд хэдэн хотод батлагдаад буй нь цаашлаад хөл хориогоор дамжин эдийн засгийг хумьж, үйлдвэрлэлийг бууруулах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top