Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас 2019 оны аравдугаар сарын 18-нд Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахдаа ЗУРГААН ДААЛГАВАР биелүүлээгүй гэж үзсэн. Тэгвэл тус байгууллагаас Монгол Улсыг үүрэг даалгавраа биелүүлсэн гэж үзэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Сануулахад, ФАТФ-ын албан ёсны хариу зургаадугаар сарын 24-25-нд гарах хуваарьтай байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 30-ны өдрийн мэдээллээр ФАТФ Монгол Улсад сайн дүн тавьсан байна.
Манай улсаас авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үзвэл тусгайлсан ажлын баг гарган Монгол Улсад ирж газар дээрх хяналт, шалгалт хийх шийдвэрийг гаргах ёстой юм.
Тодотгоход, ФАТФ-ын Хамтарсан бүлгийн 2020 оны хамгийн эхний хурал нэгдүгээр сард Бээжинд болж, Монгол Улсын тайланг хэлэлцээд, зургаан даалгаврын ГУРВЫГ биелүүлсэн гэж үзсэн юм.
Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатарын өгсөн мэдээллээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Дараа нь Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан. Тэгвэл энэ хурлын үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болж, зургаан даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэснийг Сангийн сайд болоод бусад холбогдох албаны хүмүүс тавдугаар сарын 29-нд мэдэгдэж байсан.
Эхэнд хэлсэнчлэн ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн зургаан ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн учраас Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авна. Үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Shalgax gej irex xymyysiig covidiin shinjilgeenii bichig yzej oruulaarai.21 xonog tusgaarlaxaa martav. Anx otgon yalaa